Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Даашинзтай эрхлэгч

Сайн уу? “Өнөөдөр” сонины ойн баяр тохиож байна. Редакцын даалгавар ирлээ. Дурсамж бичээрэй гэнэ. Таны тухай. Бодвол хамгийн сайн мэдэх хүн нь гэж надад даалгасан байх. Гэхдээ эргэлзлээ. Бодлоо. 25 жилийн ойгоо тэмдэглэж бай­ гаа энэ сонины 12 жилийнх нь түүхийг Та бичилцсэн болохоор гарцаагүй дурсах ёстой юм байна гэж бодоод бичихээр шийдлээ. Хичээлийн байр, номын сан, цайны газар луу хамт гүйсэн оюутан наснаас эхлэлтэй 20 жилийн дотно нөхөрлөлөө дурслаа. Инээдтэй, хөөртэй, нулимстай, гунигтай өч төчнөөн дурсамж цаг хугацааны эргүүлгэ дундаас ар араасаа зах замбараагүй хөвөрсөөр.

Номын шүүгээний минь хамгийн хүндтэй тавиур дээр байдаг хоёр номыг чинь гаргаж ирлээ. “Даашинзтай сурвалжлагууд”, “Завгүй” нэртэй энэ хоёр номонд тэр чигээрээ Таны ертөнц оршиж байгаа болохоор юу бичихээ асуух гэсэн юм болов уу даа, өөрийн мэдэлгүй л номын шүүгээгээ нээв. Тэр тавиур дээр бас “Л.Болормаа” гэсэн бичигтэй дурсгалын үзэг бий.

“Сэтгүүл зүй бол олон нийттэй харилцах албаны цагаан захтай ажил биш гэдгийг алхам тутамдаа нотолж яваарай. Эрхлэгчийг хугалж, худалдах амаргүйг харуулахыг хичээгээрэй. Алдаж шантарсан мөчөөсөө ч бүү нэрэлхээрэй. Эрхлэгч ардаа амьдрал, ар гэрээ давхар тээж явдгийг харин хэн ч анзаардаггүй юм шүү”

“Завгүй” номын 7 дугаар хуудас

Тууштай, шударга, гуйвж, дайвдаггүй эрхлэгч гэдгээ Та үйл хөдлөлөөрөө, зарчмаараа, хандлагаараа харуулсаан, хангалттай. Энэ жаахан биений хаанаас нь гардаг юм бол оо гэж бодмоор эрс шийдэмгий зан, хурц шулуун үгийг чинь бас гайхдаг байсаан. Өглөөний шуурхайдаа хоцролгүй ирж, орой хамгийн сүүлд, сонин буухаар харьдаг байсан эрхлэгчийгээ манай сэтгүүлчид нээрээ ардаа амьдралтай, ээж хүн, эзэгтэй хүн гэдгийг нь бараг л анзаардаггүй байсан даа. Өдөр тутмын сонины бид долоо хоногт ганцхан бямба гарагт амарна. Бүтэн сайнд даваа гаргийн дугаараа бэлтгэдэг тул ихэнхдээ ажиллаж таарна. Өөрийнх нь дугаар биш байсан ч Та ёс юм шиг редакцаар эргэлдээд л байдаг байж билээ. Үгүй дээ л утас цохиостой. Хэзээд нь амардаг байсан юм бэ дээ, бүү мэд.

“Монголын шинэ цагийн сэтгүүл зүйн төлөө би зүтгэж байсан юм. Би хэзээ ч хэн нэгэнд таалагдах гэж ажиллаж, бичиж байсангүй. Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар бичдэг байсан. Бичиж байна. Надад хэзээ ч эзэн ноён байгаагүй. Өөрийнхөөрөө байж чаддаг болохоор минь эрхлэгч намайг өрөөндөө дууддаггүй, би өрөөгөөр нь орж гарч гүйдэггүй, харин эзэн маань дэргэд ирээд ажил төрөл ярилцдаг байсан. Болороо завгүй байгааг мэддэг, тийм болохоор зүгээр л ороод ирдэг сэн”

“Завгүй” номын 63 дугаар хуудас

Нээрээ л Бал эрхлэгч ажилдаа ирэхээрээ наймдугаар давхрын өрөө рүүгээ биш, заавал эхлээд редакцын өрөөнд гадуур хувцастайгаа, цүнхээ барьсаар ороод ирдэг сэн. Хурдан хурдан алхах хөлийн чимээ сонсогдсоор орж ирээд шуудхан Таны ширээний хажууд очиж зогсоно. Хэсэг ярилцана. Эсвэл шилэн хаалтны цаана байдаг хурлын том ширээнд очиж суугаад зөвлөлдөнө. Мэдээж С.Батбаатар эрхлэгч бас оролцоно. “Өнөөдөр” сонины редакцад хэдэн жил ажиллахдаа энэ танил дүр зургийг харсаар дасжээ.

“Амьдрал яг үлгэр шиг. Нэг үзэгдлээс нөгөөгөөр үйл явдал солигдох агшнууд. Энэхэн амьдралаа хөвсгөр алчуур дэрвэх лугаа адил эгэлгүй болгож сурах хэрэгтэй мэт. Гоё амьдраасай гээд охиддоо Алигэрмаа, Алисиа гэдэг нэр өгсөн юм. Нөгөө хоёр маань бие биенээ ямар их санадаг гээч. Удахгүй зуны амралт дуусаад эгч нь сургуульдаа явна. Алигэрмаадаа цэмцгэр даашинз цуглуулаад, Алисиадаа өнгө өнгийн зүүлт хайгаад би дэлгүүрт явж байгаа шүү. Хурдан хурдан алхаад л… Өөртөө бас дэгжин цүнх авахаа юу гэж мартах вэ. Амьдрал баяр шүү дээ”

“Завгүй” номын 347 дугаар хуудас

Буурьтай, суурьтай, чанга хатуу юм шиг хэрнээ сэтгэл зүрхэндээ, товчхондоо бол яг мөн чанартаа хачин романтик дэврүүн хүн гэдгийг чинь мэднэ ээ. Амьдралыг гоёор харж, гоё өнгөөр будаж, түүндээ хөөрч баясан, нүд чинь гэрэлтдэг сэн. Баярын ширээ засах дуртай, өнгө өнгийн амны цаас, лаа сэлтээр гоёод л. Шинэ жилээр хөөрч яараад л, хамгийн түрүүнд шахам хаа байсан эрт гацуураа засна. Гэрлийг нь асаагаад л, дарс хундагалж аваад л романтиклаад сууж байгаа чинь нүдэнд төсөөлөгдчихлөө. Хэзээний дэлгүүр хэсэх дуртай. Даанч тэгж явах зав ховор. Оюутан байхдаа хичээлээ тараад талбайн хажуу талын “Хайтан” гутлын дэлгүүрээр орж ганган чамин гутлууд харж нүдээ хужирладаг байснаа санаж байна уу? Зам зуураа бяцхан Алигэрмаагийн хэрсүү, хөгжилтэй яриануудыг ярьж, инээлдээд л.

Алисиад нэр өгөх болоод бид хоёр нэг их удаан утсаар ярьж билээ. “Оюу эсвэл Алисиа гэдэг нэр өгье гэж бодож байна. Алийг нь өгөх вэ?” гээд л баахан ярилцсан. Хүмүүс будаа мудаанд нэр хийж шигшдэг байтал бид хоёр утсаар ярилцаж байгаад шинэ хүндээ нэр өгчихсөн. Тэгээд бондгор борхон охин Алисиа нэртэй болсоон. “Алисиа гайхамшгийн орноор” гэдэг үлгэр шиг. Ээж нь яг л тийм үлгэрийн орноор сэтгэл зүрхээрээ нисэж явдаг болохоор ийм нэр бодож олсон байх.

“Хэрэв чи эрхлэгч юм бол ажилтнууддаа байнга харагдаж байх ёстой гэсэн бодлыг би хуваалцдаг. Орлогч эрхлэгч хэмээх гуншин дор их ачаа үүрэх даалгаврыг “Өнөөдөр” сонины Ерөнхий эрхлэгч надад өгчээ. Миний хувьд систем менежерийн чанаргүй амьтан. Харин “Намайг дагаад хий” гэх уриа яс маханд минь шингэж орхисон бололтой. Угаас ярих илтгэх хоббийгүй болохоор ингэж хийвэл ямар байна даа хэмээн өөрөө үзүүлэхийг хичээнэ. Хилийн чанадаас илгээсэн сурвалжилгаас минь редакцын залуу сэтгүүлч нэг шинэ санаа олж харсан бол маш сайн хэрэг. Эдийн засгийн тайлбар тойм гэдэг заавал статистик тоонд дарлуулсан саарал материал байх албагүй юм гэдгийг манай хэлтсийн хэд мэдэрч ойлгосон бол би манлайлах үүргээ биелүүлжээ гэж ойлгоно. Манлайлал гэдэг заавал бичсэн материалаар хэмжигдэх учиргүй юм. Хэрэв чи эрхлэгч юм бол навсайж нэвсийж явах учиргүй. Ажилдаа хоцорч, өдөржин алга болж, хэрүүл хов живд хутгалдах ёсгүй . . . Болохгүй, хүлээн зөвшөөрөмгүй хэм хэмжээний дунд алдхан биеэ хүлж баглана гэдэг л хамгийн хэцүү эд шүү”

“Даашинзтай сурвалжлагууд” номын 221 дүгээр хуудас

Үнэхээр гайхалтай манлайлагч, үлгэрлэн дагуулагч байсаан, Та минь. Ширээний ард суудаг, шахдаг, нэхдэг, заадаг, зааварладаг удирдагч байгаагүй. Өөрөө ханцуй шамлан халуун гал тогоондоо орж ажилладаг, шатдаг, дүрэлздэг, гайхуулдаг, бишрүүлдэг, дагуулдаг эрхлэгч байсан. Бичдэг эрхлэгч байна гэдэг амаргүй. Бичсэн болгон нь загвар шахам болж, бусдыгаа байнга хөгжүүлж, хөглөж байдаг эрхлэгч байна гэдэг бүр амаргүй. Яг ингээд бичээд байгаарай гэж нийтлэлүүд чинь заагаад залаад явдаг байсан.

Сайн сэтгүүлч байхаас гадна гоё, цэмцгэр, дэгжин чамин эмэгтэй байхын урлагийг Та редакцын бүсгүйчүүддээ бас заадаг байлаа. Бас л байгаа байдлаараа, өмссөн зүүснээрээ. Гял цал биш дэгжин донжтой төрх чинь бид мэтийн бүсгүйчүүдэд бас л чухал сургууль байсан даа. Хэдэн жилийн өмнө сэтгүүлч Т.Алтантүрүүтэй ярилцаж суугаад Таны тухай ярьсанд “Аа тийм тийм, нэг их чамин гоё гоё гуталнууд өмсдөг, том цүнх үүрээд л явдаг эгч байсан, тийм ээ” гэж билээ.

Өдөр тутмын том сонины орлогч эрхлэгчийн алба Таны хэлснээр олон хүлээс, баглаас авчирч, өөрийнхөөрөө байх эрх чөлөөг чинь хомсолдог байсан нь ойлгомжтой. Хуучин байранд редакц байдаг байхад нэг өдөр бидний хэсэг хүн өдрийн завсарлага авч коридорын буйдан дээр бөөгнөрч суугаад буу халж байв аа. Гэтэл Та хажуугаар явж өнгөрөхдөө миний чихэнд нэг зүйл шивнээд, хоёулаа учиргүй инээлдээд өнгөрснийг санаж байна уу? Харин Таныг явсны дараа “өндөр” Янжмаа “Хөөх, Болор эрхлэгч бас ингэж хүн амьтантай шивнэлдэж барьдаг байсан юм уу? Анх удаа л харж байна” гээд нүдээ хачин эргэлдүүлж билээ. Би тэгэхэд Танд хэлээгүй санагдана. Санаа нь зовчихно гээд. Нээрээ л эрхлэгч хүн шивнээ яриа ярьж, “хүүхнүүдийн хов” базаж болохгүй, тохитой томоотой хүн байх ёстой шүү дээ. Ийм л нэг “үлгэр жишээ” эрхлэгч өглөөнөөс орой хүртэл өдөр бүхэн редакцдаа завгүй, ийш тийш хурдан хурдан алхалсаар өнжинө. Ерөнхий эрхлэгч эзгүй хэдэн сар болсон ч, өдөр бүхэн ирээд наймдугаар давхрын өрөөндөө сууж байсан ч ажилласаар л байдаг сан.

“Сонины менежер гэж нэг иймэрхүү л хүн байх. Тэглээ гээд саарал өнгөтэй “чиновник” болох саналуудаас ямагт татгалзаж явлаа. Хэцүү боловч хайртай мэргэжил гэж энэ. Богинохон хөнгөхөн даашинзад татагдавч том хар сандал хэм хэмжээ зааварлахын зовлон ийм. Олонд хүндлүүлж, цөөхөнд ад болохын түвэг хэцүү. Систем бус, амьд менежер байхын гоё дарамт бэрх ээ”

“Даашинзтай сурвалжлагууд” номын 223 дугаар хуудас

Саарал өнгөтэй саналуудаас татгалзаж явсныг чинь мэднэ. Үнэндээ арай ачаалал багатай, амар тайван, ахиу цалинтай ажилд орсон нь дээргүй юм байх даа гэж хааяа бас боддог байсаан. Хэлдэггүй л байсан болохоос. Гэхдээ саарал өнгө Танд зохихгүй ээ. Өнгө өнгийн цэцэгтэй даашинзаа өмсөөд, өсгий намхан ч чамин дэгжин гутлаа углаад, том цүнхээ үүрээд, үргэлж яарч, амжуулаад дотроо дуу аялаад, болоогүй ээ бас бүжиг эргээд, завгүй гүйж яваа чинь жинхэнэ дүр төрх чинь. Аз жаргал чинь.

“Менежментийн хулгайд мордъё” гэсэн санаагаа хэлэхэд минь “Өнөөдөр” сонины Ерөнхий эрхлэгч “Энэ чинь зөв санаа” хэмээн дэмжсэн билээ. Тэгээд би Америкт “хулгай” хийхээр зориг шулуудсан шүү. Эндхийн өдөр тутмын сонинуудын гал тогоо руу өнгийж олж мэдсэнээ тэмдэглэсээр явтал олон далбагар дэвтэр дүүрчээ”

“Даашинзтай сурвалжлагууд” номын 254 дүгээр хуудас

“Хулгайлж” ирсэн дэвтэр дэвтэр дүүрэн санаанууд чинь “Өнөөдөр”-ийн өнөөгийн өнгө төрхийг бий болгосон. “Өнөөдөр” Монголын эталон сонин болж, ашиг орлогоо нэмэгдүүлэх. Үүний тулд өглөө бүр “Өнөөдөр”-ийг дэлгэж үзэх хэрэгцээг бий болгох” гээд цааш үргэлжлэх чамгүй урт тайланг Та энэ сургалтад сууж ирээд бичсэн. Яг үүний үр дүнд “Өнөөдөр” сонинд түүхэн өөрчлөлтүүд, өсөлт дэвшилтүүд хийж, өдөр тутмын сонинуудын загвар болон агуулга, хэлбэрийн хувьд шинэчилж, шинэ стандарт тогтоосон билээ. Зарын албатай болж, 1619 шинээр ажиллаж, сонин агуулгын хувьд дотоод секцүүдэд хуваагдаж, Editorial булантай болж, сонины цахим хувилбар гаргасан гээд ар араасаа олон шинэчлэл хийсэн. Үнэхээр сонины редакцын хувьд түүхэн он жилүүд байлаа. Яг л театрын алтан үе гэдэг шиг, “Өнөөдөр” сонины алтан үе гэж би боддог. Тэр үеийн гэрч болсондоо бахархалтай байдаг. Зөвхөн нэг сонины биш Монголын тогтмол хэвлэлийн түүхэнд чухал өөрчлөлт авчирсан гэж бас дүгнэдэг. Үүнд Таны гавьяа нэн их ээ.

“Нас минь төлөв төвшин явахыг тулгаж, бодож цэнэж ярихыг шаардана. Харин би хэн юм бол доо. Хамгийн үнэтэй бэлгэнд ухаан алдахгүй мөртлөө хэдхэн цэцэг навч мавч хараад уужимхан амьсгалах юм. Үл ялиг өсгийтэй цэмцгэр шаахай, өвдөг ялимгүй шүргэх, үнэ ихтэй биш ч өнгө өнгийн даашинзад дурлаж орхино. Баруун гарт минь бугуйвч харагдвал миний бас нэг хэсэг, эмээгийн охины зан. Арслангийн ордных юм болохоор алтан шаргал өнгөнд татагдана. Нар мөн миний ивээл гариг гэнэ. Ойлгомжгүй зүйл надад бас л их ээ. Дороо гомдож өөнтөглөнө. Тэгснээ цайрч зөөлөрнө. Уйлна, уучилна, хайрлана, харамлана. Хашгирч загнаж ч мэднэ. Өөрөө хурдхан зугтах гэж хүнгүй газар өөд яаран гүйж магад. Ганцаардлаас тайвширч, гунигаар өөрийгөө угааж орхино. Гэгээн гуниг гэж юу байдгийг мэдэх үү? Шаналахын амтыг надаас асуугаач. Ядарч туйлдсан, сэвхтэй царай толинд зэрвэс харагдах үе олон. Гэсэн ч, аз жаргал гийсэн шигтгээ шиг өдрүүдээ л санаж үлдэх юм. Дуртай ажил, хайртай гэрийн хооронд надад зөвхөн үзэгдэх жим тодорч өглөөд яаран, үдэш шөнөд хоргодон амьдарсаар”

“Даашинзтай сурвалжлагууд” номын 345 дугаар хуудас

Гаднаа хатуу чанга, буурьтай дүнсгэр харагдах ч дотоод ертөнцдөө хязгааргүй хөөрүү, дэврүүн найз минь ээ. Тэнгэрийн орондоо сайн сууж байна уу? Хамт хооллож, хорвоогийн хов жив “бурж” үе үехэн “болздог” байсан хоолны газрынхаа хажуугаар өнгөрөхөөр хоолой зангирдаг минь хэвээр, “Өнөөдөр” сонины редакц байрладаг өндөр саарал байшинг харахаар хачин гунигтай болж, сэтгэл тавгүйтдэг бас л хэвээр. Дурсамж бичих даалгавар аваад хоёр өдөр уйлсаан. Та бодвол тээр дээрээс хараад шоолоо биз.

Ойн цоорхойн жижигхэн байшинд нам гүмхэн суугаад зохиол бичих мөрөөдлөө наанаа биелүүлж байна уу? Аль эсвэл намуухан гоё аялгуу зохиож сууна уу? Аль аль нь Таны мөрөөдөл байсан шүү дээ. Охид чинь сайн явааг хараад жаргалтай байгаа биз дээ? “Алигэрмаа, Хасар хоёр” гэдэг бичигдэж амжаагүй өгүүллэг чинь алс холын амьдралын зөгнөл байсан байна билээ шүү. Амьдрал мөнхийн тойрог юм аа.

Тэр нэгэн өдөр Бал эрхлэгчийн өглөөний шуурхай дээр “тунхаглан” хэлснээр “Өнөөдөр” сонины Загалмайсан эх Танд ойн баярын мэнд хүргэе.

Лунтангийн Болормаа нь 1998 оноос “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, албаны дарга, Хариуцлагатай нарийн бичгийн дарга, Орлогч эрхлэгчээр 2008 он хүртэл ажилласан билээ.

Б.Цацрал

11
Зөв, гоёЗөв, гоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Даашинзтай эрхлэгч

  • Туул says:

    Сайхан эрхлэгч ээ дурсаж уншлаа. “Хэдэн жил ажиллаад номоо гаргана” гэж боддог залуухан сэтгүүлч байлаа. Гэхдээ “Даашинзтай сурвалжилга” номыг уншсаны дараа “Ийм л сурах бичгийн хэмжээний даацтай байж чадахгүй юм бол нэгэнт сонинд хэвлэгдчихсэн нийтлэл, ярилцлагаа эмхтгэсэн “юм” гаргах шаардлагагүй юм байна” гэсэн ухаарал авсан сан. Яг л таны хүсэж байсан шиг тэтгэвэрт гарахаараа “Ойн захын бяцхан байшиндаа бичиг номын ажлаа хийгээд суудаг болно” гэж боддог доо. “Даашинзтай сурвалжилга”, “Завгүй” номуудыг нь дахин нэг унших хэрэгтэй юм байна гэж бодов. Цацрал эгч ч бас сайхан бичжээ.