Эрдэнэт хотод орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Номын өргөө” цогцолбор ашиглалтад орж 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нээлтээ хийлээ.
Тус цогцолборт Орхон аймгийн Нийтийн номын сан үйл ажиллагаа явуулах бөгөөд “Нийтийн уншлагын танхим”, “Гэрээр ном олголт-тогтмол хэвлэлийн уншлагын танхим”, “Гэр бүлийн уншлагын танхим”, “Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан уншлагын танхим”, ганцаарчилсан байдлаар хөгжих, ном унших, эрдэм шинжилгээ судалгааны бүтээл хийх VIP өрөөнүүд болон багаар ажиллах хурал, сургалт зохион байгуулах танхимуудтай юм. Номын өргөөний гуравдугаар давхарт байрлалтай “Америкийн төв” нь уншлагын өрөө, интернэт өрөө, Maker space, E-sport, сургалт хөтөлбөрийн өрөөтэй бөгөөд нийт 1826.73 ам.метр талбайтай тус барилга нэг ээлждээ 315 хүнийг зэрэг хүлээн авч үйлчлэх боломжтой.
Эрдэнэт хотын Нийтийн номын сангийн хуучин барилгыг цаашид “Хүүхдийн номын сан” болгох талаар Соёлын яам, орон нутгийн удирдлага, мэргэжлийн байгууллагууд санал нэгтэй байгаа юм.
Ингэснээр Монгол улсын гурав дахь том хот гэгддэг Эрдэнэт хотод тулгамдаад байсан Номын сангийн хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэхэд тодорхой алхам боллоо.