Монголын хөл бөмбөгийн холбоо болон “Келме” брэндийн хамтын ажиллагааны хүрээнд дээд лигийн 19 дүгээр тойргоос эхлэн “Vortex 20S” загварын, олон улсын стандарт хангасан бөмбөгөөр тоглохоор боллоо. Эл бөмбөг нь “Vortex” загварын шинэчлэгдсэн хувилбар гэдгээрээ онцлогтой аж. 32 хээнээс бүрдсэн тул тоглолтын явцад эргэлтийг холоос илүү тод харуулдаг. Мөн цаг агаарын ямар ч нөхцөлд хэлбэр, хий, жингийн тэнцвэрээ хадгалдаг юм байна. Хөл бөмбөгийн мэргэжилтнүүд дээрх бөмбөгийг чанарын шаардлага хангасан, мэргэжлийн томоохон тоглолт болон тамирчид өндөр түвшний бэлтгэл хийхэд ашиглах боломжтой хэмээн дүгнэжээ.