Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа Д.Дэнсмаа агсны нэрэмжит “ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛ БА ЭМЭГТЭЙЧҮҮД” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурлын зорилго нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрх нь хөндөгдөж буй эмэгтэйчүүдийн талаарх эрх зүйн зохицуулалт, уламжлал, шинэчлэлийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, гарц шийдлийг тодорхойлохын зэрэгцээ эмэгтэйчүүдийн ял эдлүүлэх чиглэлээр судалгааны ажилд оролцогчдын хүрээг тэлэх, судлаачдын оролцоог нэмэгдүүлэх юм.
Эрдэм шинжилгээний хуралд Хууль зүйн дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Жендерийн үндэсний хороо, Шинжлэх ухааны академийн Филисофийн хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсад суугаа БНФУ-ын Элчин сайдын яам, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо, БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Монголын Эмнести интернэшнл олон улсын байгууллага, Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдлагууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа зарим хорих анги, байгууллагын алба хаагч, ахмад ажилтны төлөөлөл, Дотоод хэргийн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Орхон их сургууль, Шихихутуг их сургууль, Сити их сургууль, Глобал удирдагч их сургуулиудын эрдэмтэн судлаачид, багш, суралцагчид, Шүүхийн шийдвэр гүйцэтгэл судлалын судалгааны профессорын багийн гишүүд зэрэг 150-аад гаруй төлөөлөл оролцлоо.
Хуралд оролцогчдын зүгээс нийт 30 гаруй илтгэл ирүүлснийг нэгтгэн эмхэтгэл болгон хэвлүүлсний зэрэгцээ хорих ял шийтгэгдсэн эмэгтэй хүнийг нийгэмшүүлэх ажил, ял эдлүүлэх орчин, хөдөлмөр эрхлэлт, сэтгэл зүйн онцлог, тэдгээрийн эрхийг хангах асуудал, жирэмсэн болон 0-2 настай хүүхэдтэй эхийн эрх, үүргийн талаар хөндсөн 8 судлаачийн илтгэлийг сонгож хэлэлцүүлж, санал бодлоо солилцсон ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагад уламжлахаар тогтлоо.