Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.БОЛДБААТАР: Орчны хүртээмжийг сайжруулахын тулд олон нийтийн хандлага, ойлголтыг өөрчлөх нь чухал

Бүх хүнд хүртээмжтэй орчин бүрдүүлэхийн тулд хамгийн түрүүнд ямар ажлууд хийх шаардлагатай вэ. Үүнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хэрхэн хувь нэмрээ оруулах ёстой бол. Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатартай энэ талаар ярилцлаа. Орчны хүртээмжийг сайжруулж, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж бүрдүүлэхийн тулд манай улсад ямар ажлууд хэрэгжүүлж байгаа талаар тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм.

-Орчны хүртээмж гэж юу вэ. Яагаад үүнийг зайлшгүй хөндөх шаардлагатай вэ?

-Иргэд нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцоход орчны хүртээмж чухал үүрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд нийгмийн харилцаанд бие дааж оролцоход тулгардаг асуудлуудыг шийдэхийн тулд орчны хүртээмжийн асуудлыг ярьдаг. Өөрөөр хэлбэл, хараагүй хүн нэг газраас нөгөөд аюулгүй хүрэх, чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлж буй хүчин зүйлийг орчны хүртээмж гээд байгаа юм. Монгол Улсад, нийслэл Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан орчны хүртээмж, дэд бүтцийг сайжруулах асуудал байнга яригдаж байгаа. Үүнтэй холбоотой хууль, тогтоомж, норм, стандарт ч цөөнгүй бий. Хууль, эрх зүйн орчин ч сайн бүрдсэн. Орчны хүртээмжийг төр, засгийн бодлого, шийдвэр гаргах түвшинд, хэрэгжүүлэх шатанд хөндөж, бэрхшээлүүдийг арилгаж байна. Гэхдээ бодит байдалд хэрэгжүүлж буй хэлбэр нь харилцан адилгүй, сайн, муу янз бүр байгаа.

-Хууль, эрх зүйн орчин сайн бүрдсэн хэр нь орчны хүртээмж яагаад хангалтгүй байна вэ. Гол асуудал, шалтгааныг та юу гэж дүгнэх бол?

-Жишээ нь, Улаанбаатарт хараагүй иргэдэд зориулсан хөтөч зам олон газарт бий. Гэхдээ замуудын зарим хэсэгт иргэн бие даан аюулгүй явах боломжгүй. Энэ нэг талаар стандарт мөрддөггүйтэй холбоотой. Хоёрдугаарт, хэн нэгэн хүн, аж ахуйн нэгж, байгууллагынхан хөтөч замд ТҮЦ, дэлгүүр, гэрэлтүүлгийн шон барьчихдаг. Зарим тохиолдолд шугам сүлжээний засвар, үйлчилгээ хийхдээ замыг эвдчихээд буцааж тавихгүй байх зэрэг асуудал үүсдэг. Тэгэхээр гол шалтгаан нь ийм асуудал үүсгэсэн хүмүүсийн хандлага, ойлголт юм. Тухайн иргэн, аж ахуйн нэгжийнхэн уг зам нь ямар ач холбогдолтой, чухал нөлөөтэйг ойлгодог бол эвдэхгүй, эсвэл стандартынх нь дагуу тавина. Нөгөө талаар хот төлөвлөдөг эрх бүхий албан хаагчид иргэддээ ээлтэй, саадгүй орчныг бүрдүүлэх ёстойг нарийн тооцдоггүй юм болов уу гэж боддог.

Хараагүй хүний хөтөч зам ихэвчлэн шар өнгөтэй байдаг. Энэ нь хараа муутай хүмүүс бусдаас нь ялгаж харахад зориулагдсан. Хүний нүд шар өнгийг маш сайн ялгаж хардаг. Замын тэмдэг ногоон, шар, улаан өнгөтэй байдаг. Шар, улаан өнгө хэчнээн холоос ч, манантай байхад ч харагддаг. Тэгэхээр анхааруулах тэмдгийг шар, хориглохыг нь улаан өнгөөр илэрхийлж байгаа юм. Хөтөч замын шулуун шугам нь ямар ч саадгүй, чөлөөтэй урагшаа явж болно гэсэн ойлголтыг илэрхийлдэг. Товруутай хавтан нь ямар нэгэн саадад туллаа, эсвэл зам өөр тийшээ салж үргэлжилнэ, гарцан дээр ирлээ зэрэг анхааруулгыг өөр өөрөөр илэрхийлдэг байх жишээтэй. Эдгээрийг хүн бүр ойлгодог болчихвол орчны хүртээмжийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна.

-Хүмүүсийн хандлага, ойлголтыг өөрчлөхийн тулд яах ёстой вэ?

-Ойлголт, хандлагыг өөрчлөх ажлуудыг төр, засгийн түвшинд, төрийн бус байгууллагуудын хувьд ч хэрэгжүүлж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагатай хамтран 2016-2020 онд “Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” гэсэн томоохон төсөл хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулж, бэрхшээл ба тэгш байдлын 46 сургагч багш бэлтгэсэн. Сургагч багш нар ХНХЯ-ны дэмжлэгтэйгээр нийгмийн хамгааллын чиглэлийн байгууллагуудад, нийслэл, дүүрэгт сургалтууд явуулсан. Олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх ажлуудыг ийнхүү хэрэгжүүлж байна. Цаашид төрийн дунд шатны байгууллагынхан, шийдвэр гаргах түвшний албан хаагчид ажлынхаа төлөвлөгөө, төсөвт уг сургалтыг зориуд тусгаж, олон ажилтныг оролцуулах шаардлагатай гэж би боддог. Жишээ нь, аймаг, дүүргүүдийн төр захиргааны байгууллага, үйлчилгээний томоохон газрууд, цаашлаад дэд бүтэц, барилга байгууламж, зам, талбай барьдаг компаниудын ажилтнууд хамрагдах нь зүйтэй. Энэ нь орчны хүртээмжийг илүү сайжруулах гол арга замуудын нэг.

-Аль нэг байгууллага, аж ахуйн нэгж сургалтад хамрагдъя, ажилтнуудынхаа ойлголт, хандлагыг өөрчилье гэвэл сургагч багш нар хүрэлцээтэй юу. Ялангуяа орон нутагт нөхцөл байдал ямар байна вэ?

-Тухайн байгууллагын хүсэлтийн дагуу багш нар сургалт явуулах бүрэн боломжтой. Манай холбоо 21 аймаг, нийслэлийн төвөөс алслагдсан Багануур, Налайх дүүрэгт гээд нийт 23 салбар зөвлөлтэй. Мөн аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл гэж бий. Уг салбар зөвлөлд мөн манай байгууллагын төлөөлөл багтдаг. Үүгээр дамжуулаад ажилтнуудаа сургалтад хамруулах санал хүсэлтийг тухайн орон нутгийн шийдвэр гаргах түвшний хүмүүст хүргүүлсэн. Одоогоор Өмнөговь аймгийнхан хамрагдахаа илэрхийлээд байна. Шийдвэр гаргах түвшний хүмүүс, байгууллагынхан энэ мэтээр сургалтад хамрагдаж, зөв ойлголттой болчихвол орчны хүртээмжийг илүү сайжруулах боломжтой. “Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ажилтнууд уг сургалтад хамрагдсан юм. Үүний дараа манай харааны бэрхшээлтэй ажилтнууд гадаад явчихаад Монголдоо ирэхэд тус байгууллагынхны үйлчилгээ сайжирч, өөр түвшинд хүрснийг онцолж сайшаасан. Тэгэхээр уг ажил хэр үр дүнтэй нь ойлгогдох байх.

-Та барилга байгууламжийг хүлээж авах, ашиглалтад оруулах Улсын комиссын бүрэлдэхүүнд багтдаг юм билээ. Барилга байгууламжийг хүлээж авахад орчны хүртээмжийг сайн бүрдүүлсэн, эсэхийг хэрхэн хянаж, шалгадаг вэ?

-Улсын комисст манай холбооноос дөрвөн хүн ажилладаг. Бид 2017 оноос тус комиссын бүрэлдэхүүнд ажиллах болсон. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бусад холбооны төлөөлөл ч багтдаг. Нэг барилгыг хүлээн авахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс нэг хүн ажилладаг л даа. Миний хувьд 2020 онд таван барилгыг хүлээж авах комисст ажиллалаа. Энэ он гарснаас хойш уг ажилд хараахан оролцоогүй байна. Зураг төсөвт тусгаад, баталчихсан ажлыг гүйцэтгэгч байгууллагууд маш сайн хэрэгжүүлдгийг Улсын комисст ажиллах явцдаа ойлгож мэдэрсэн. Барилгын компаниуд зардлаа хэмнэх зорилгоор зурагт төсөвт тусгасан зарим ажлыг хийдэггүй, хасчихдаг тохиолдол өмнө нь гардаг байсан шүү дээ. Одоо бол тийм асуудал тулгарахаа больсон. Тиймээс барилга байгууламж, зам, талбайн зураг төсвийг боловсруулахдаа л стандартаа сайн мөрдөж, орчны хүртээмжийг нарийвчлан тусгаад баталчихвал гүйцэтгэгчид маш сайн хийх боломжтой. Хэрэв орчны хүртээмжийг зураг төсөвт стандартын дагуу тусгаагүй бол эрх бүхий байгууллага нь шаардлага тавих ёстой. Шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд зураг төсвийг батлахаас татгалздаг байх нь зүйтэй.

-Тэгэхээр гол асуудал нь зураг төсвийг боловсруулах явцад үүсдэг гэж ойлгож болох нь ээ?

-Зураг төсвийг боловсруулдаг, түүнийг хянаж, баталдаг экспертүүд нь стандартаа сайн баримтлах шаардлагатай. Хоёрдугаарт, зураг төсөв боловсруулах, батлах үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулж болно. Бас тендер зарлах түвшинд ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах боломжтой. Мөн стандартад нийцээгүй зураг төсвийг батлаад, улмаар барилга барьчихсан бол буруутай этгээдэд хариуцлага тооцдог тогтолцоо байх ёстой. Манай улсын хууль, тогтоомжид орчны хүртээмжийг хангалттай бүрдүүлээгүй бол барилга байгууламжийг Улсын комисс хүлээж авахгүй гэх агуулга бүхий заалт бий шүү дээ.

-Анхнаасаа стандарт мөрдөлгүйгээр зураг төсвөө батлаад барьчихсан барилга байгууламж нийслэлд байдаг. Энэ тохиолдолд шийдэл, гарц бий юү?

-Ийм асуудал тулгардаг. Жишээ нь, нэг метр орчим өндөр довжоонд стандартаар бол 12 метр урт налуу зам тавих шаардлагатай. Гэтэл тухайн барилгад ийм хэмжээний урттай налуу зам тавих орчин байхгүй, өөр нэг байгууламжид тулчихдаг байх жишээтэй. Үүнээс болоод арай богино тавьчихаар налуу зам огцом өндөртэй, гулгуур шиг болчихдог. Бас маш их хөрөнгө гаргаад нэгэнт барьчихсан барилгыг нураагаад, дахин барих хэцүү. Манайд нэг ийм тохиолдол гарсан. Маш сайхан том барилга барьчихсан. Гэтэл цахилгаан шатанд нь тэргэнцэртэй хүн орох боломжгүй. Барилгын үндсэн хэсэг, гол бүтцийн нэг нь цахилгаан шатны хонгил байдаг учраас нурааж, засах боломжгүй. Гэхдээ энэ нь огт шийдэлгүй асуудал биш. Барилга байгууламжид орчны хүртээмжийг 100 хувь хангалттай бүрдүүлж чадаагүй бол туслах үйлчилгээг сайжруулснаар асуудлыг шийдэж болдог. Жишээ нь, үйлчилгээний байгууллагуудын угтагч ажилтан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үзүүлэх ойлголт, мэдлэг, ур чадвартай байх шаардлагатай. Тэгвэл орчны хүртээмж муу байсан ч иргэн бүр саадгүйгээр тусламж, үйлчилгээ авах боломжтой шүү дээ. Түүнчлэн барилгууд доторх тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах шаардлагатай. Хэддүгээрт давхарт явж байгааг цахилгаан шатанд зарлахгүй бол зарим хүн мэдэхгүй. Шатаар явахад бариул дээр нь брайлаар юм уу, кириллээр давхрын тоог тэмдэглэж болно. Цаашлаад өрөөнүүдийн хаягжилт ойлгомжтой, хүртээмжтэй байх шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан иргэний зориулалттай барилга байгууламжийн нормд энэ талаар тусгасан байдаг.

-Орчны хүртээмжийг сайжруулах чиглэлээр оновчтой арга хэмжээ авсан жишээ, туршлага олон улсад цөөнгүй. Тэдгээрээс манай улсад нутагшуулан хэрэгжүүлэх боломжтой ямар ажлууд байна вэ?

-Өндөр хөгжилтэй орнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн хүртээмжийг маш сайн бүрдүүлдэг. Жишээ нь, хөтөч зам Японоос гаралтай. Тус улсад хэдийн бариад, ашиглалтад оруулчихсан барилгын орчны хүртээмжийг сайжруулахын тулд юуны өмнө хэрэгцээг нь судалж, тодорхойлдог юм билээ. Тухайлбал, нийгмийн хамгааллын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй олон иргэн очих магадлалтай. Тиймээс уг байгууллагын орчны хүртээмжийг маш сайн бүрдүүлдэг жишээ бий. Тэгэхээр судалгааны үндсэн дээр хамгийн хэрэгцээтэй газраас ажлаа эхлэх нь чухал. Японы бас нэг жишээг дурдъя. Тус улсад орчны хүртээмжийг хангалттай бүрдүүлж чадаагүй барилгын компанийг хар жагсаалтад оруулдаг. Хар жагсаалтад багтсан байгууллага дараагийнхаа ажлыг гүйцэтгэхэд хэцүү болно. Хариуцлагын энэхүү тогтолцоо нь орчны хүртээмжийг сайжруулахад чухал нөлөөтэй.

-Орчны хүртээмжийг сайжруулж, жишиг болохоор бүтээн байгуулалт хийсэн хувийн хэвшлийн байгууллага манайд хэр олон байна вэ?

-“Хас” банкны төв байрны үүдний налуу зам нэлээд хүртээмжтэй. “Шангри-Ла” зочид буудалд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ороход саадгүй. Энэ мэтээр сүүлийн үеийн томоохон барилга байгууламжууд орчны хүртээмжийг сайжруулсан жишээ бий. Ийм боломж нөхцөл бүрдүүлэх, хүртээмжийг сайжруулах хандлага ч цөөнгүй гардаг болсон. Орчны хүртээмжийг сайжруулах гэсэн юм, юу хийх ёстой вэ, хаанаас эхлэх талаар зөвлөөч гэх зэргээр манай холбооныхон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ханддаг байгууллагууд байна. Барилгадаа брайл тэмдэглэгээ хийх гэсэн юм, хаанаас авах вэ гэж асуудаг хүн ч бий. Тухайлбал, “Централ тауэр”-т байрладаг байгууллагуудаас бидэнтэй ийм асуудлаар уулзсан. Тэгэхээр олон нийтийн хандлага өөрчлөгдөж эхэлсэн. Энэ нь нэг талаасаа бид Улсын комиссын бүрэлдэхүүнд багтан ажиллаж, орчны хүртээмжийг хэрхэн сайжруулах талаар хэлж, ойлгуулж буйтай холбоотой байх. Цаашид бүх байгууллага, аж ахуйн нэгж ийм хандлагатай болох нь чухал. Ялангуяа нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчид хандлага, ойлголтоо өөрчлөх сургалтад хамрагдах шаардлагатай.

Бэлтгэсэн Ч.Мөнх

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.