Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т.МЭРГЭН: Алдар, гавьяанаас илүү эх орондоо ширээний теннис хөгжүүлэхийг зорьсон

Монголын ширээний теннисний дасгалжуулагчдаас төрсөн анхны Гавьяат цолтон бол Т.Мэргэн.Өдгөө Баянгол дүүргийн өсвөр үеийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг тэрбээр “Миний туулж өнгөрүүлсэн амьдрал, амжилт бүхэн ширээний теннистэй холбоотой” хэмээн өгүүлэх дуртай. Түүний удирдлагад хичээллэдэг шавь нар нь гадаад, дотоодын тэмцээнд амжилттай оролцож, аваргаар шалгаран, медаль хүртсэн удаа олон.Тухайлбал, Сахагийн Якутск хотод 2012 онд зохион байгуулсан хүүхдийн спортын V наадамд Монголын ширээний теннисний өсвөрийн баг тамирчид гурван алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэн, багийн дүнгээр тэргүүлсэн юм. Эх орондоо мэргэжлийн шилдэг тамирчид бэлтгэж, Азийн болоод ДАШТ-д сойсоор ирсэн түүнтэй ярилцлаа.

-Монголын ширээний теннисний дасгалжуулагч нараас анхны Гавьяат цолтон төрлөө.Та амжилтад хүрсэн замналаа багш нарынхаа хичээл зүтгэлтэй холбож ярих дуртай юм билээ.

-Би спортод гаргасан аав, ээжийнхээ замаар замнаж, багш нарынхаа зааж, зөвлөснийг хэрэгжүүлж, амжилтад хүрлээ. Гавьяат цол хүртэхдээ “Буурал багш нарын буян заяа надад ирлээ” гэж бодсон. Тэмдгээ зүүгээд хамгийн түрүүнд “Оч”, дараа нь “Шинэ од” клубээр зочилсон. Тэр өдрөөс хойш олон хүн “Гавьяат аа” гэж хүндэлдэг боллоо. Шавь нартаа, хамтран ажилладаг байгууллагынхаа хамт олонд “Багш аа” гэж дуудуулдаг болохоор цолондоо одоо ч дасаагүй л явна. Төрийн цол хүртэх сайхан ч өндөр үүрэг, хариуцлага дагаад ирдэг. Тиймээс олны хайр хүндлэл, тус дэмийг дааж явахыг хичээнэ. Энэ спортоос төрсөн олон шилдэг дасгалжуулагч бий. Тухайлбал, С.Чойвон, Б.Баасан Д.Санжмятав, Сэлэнгэ аймгийн дасгалжуулагч Г.Лхагвадорж зэрэг багш нарын хичээл зүтгэлийн хүчинд Монголын ширээний теннис өнөөгийн хөгжилд хүрсэн. Намайг хүүхэд байхад Д.Санжмятав багш улсын шигшээ багийн дасгалжуулагч, С.Чойвон нь Дархан-Уул аймгийн сургуульд физикийн багшаар ажилладаг байв. Харин Б.Баасан нь С.Чойвон багшийн шавь. Би бөмбөг, цохиуртай 35 жил нөхөрлөхдөө хэзээ ч уйдаагүй. Хүүхэд байхдаа теннист дурлаж, өглөөнөөс орой болтол тоглоно. Манайх Дарханд шилжиж ирсний дараахан би Б.Баасан багшид шавь ороход ээж минь дэмжсэн. Түүний удирдлагад хичээллэж, амжилт гаргах болсон үеэс дасгалжуулагч болохоор шийдсэн юм. Миний өнжих дуртай газар Биеийн тамир, спортын хорооны заал байлаа.

-Өвөрхангай аймагт дасгалжуулагч багшаар нэг хэсэг ажилласан байх аа?

-Тийм ээ, Өвөрхангайд 1986 онд Усны аж ахуйн газарт мэргэжилтнээр очсон ч ажиллаагүй. Өөрийн сайн дураар тус аймагт теннис хөгжүүлэхийг зорьсон. Намайг очиход мэргэжлийн хүн ирлээ гээд ихэд олзуурхав. Тэндхийн Усны аж ахуйн газрын дарга Аюуш теннис их тоглоно. Биеийн тамир, спортын хорооныхонтой танилцаад удаагүй байтал намар нь аймгийн АШТ зохион байгуулах боллоо. Тэгтэл надтай хамт теннис тоглодог байсан А.Батгэрэл УБДС-ийг төгсөөд ирж. Түүний тоглож байгааг хараад “Энэ жил аймгийн аварга болохгүй бол дээшээ гарахгүй нь” гэсэн бодол төрөв. Тэмцээн болохоос сарын өмнөөс бэлтгэл базаасан. Удалгүй тэмцээн ч эхэлж, А.Батгэрэл бид хоёр өрсөлдөгчдөө хожсоор аваргын төлөө үлдэж, би түрүүлсэн.

-Та тэнд секц байгуулж, орон нутагт тамирчин бэлтгэж эхэлсэн юм билээ.

-Аймгийн АШТ болоод удаагүй байтал УАШТ болох тухай дуудлаа. Тэгэхээр нь Биеийн тамир, спорт хорооны дарга Ч.Лхагваатай уулзахад “Чи ширээний теннис сайн тоглодог юм билээ. Чамд одоо юу бодогдож байна вэ” гэлээ. Тэгэхээр нь “Би теннис тоглох дуртай. Сайн дураараа секц ажиллуулж, хүүхдүүдийг энэ спортод бэлдье. Орон тоогүй, цалин хөлсгүй ч байсан хамаагүй ” гэхэд зөвшөөрч “Энэ талаар бодож үзээд хариу хэлье” гэлээ. Хэд хоногийн дараа “Биеийн тамир, спортын хорооноос чамд секц хичээллүүлэх цаг гаргаж өглөө” гэв. Тэр үед Чех улсаас дөрвөн ширээ авчирсан байлаа. Би шинэ ширээнүүд хараад баярласан гэж жигтэйхэн. Түүнээс хойш секц ажиллуулах бүртээ шинэ ширээтэй эхэлдэг болсон. Би багшаасаа сурсан бүхнээ өөртөө хэвшүүлсэн. Хүүхдүүдийг бэлтгэл хийсний дараа ширээнүүдээ арчиж, шалаа угаагаад харьдаг. Хүн хийж буй зүйлдээ дуртай байхад бүх зүйл аяндаа бүтдэг.

-Өвөрхангай аймгийн теннисчид бүсийн аварга шалгаруулах тэмцээнд эхний байруудад шалгардаг байсан нь таны зүтгэлтэй холбоотой байх нь.

-Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Төв, Өвөрхангай аймагт бүсийн тэмцээн болдог. Тэмцээнд тоглохоор туршлагатай тамирчид ирнэ. Тэр үед сумын аварга тамирчин ч теннис сайн тоглодог байв. Бүсийн тэмцээнд Өвөрхангай аймгаа төлөөлөн А.Батгэрэл бид хоёр тоглож, багаа авч гарахад Ч.Лхагваа дарга дэмжиж, Биеийн тамир, спортын улсын хороонд хүсэлт тавьж, намайг ширээний теннисний клубийн эрхлэгчээр ажиллуулсан. Тэр үеийн 550 төгрөг их мөнгө байлаа. Ажил жигдрэн, амжилт гаргаж, амьдрал ч дээрдэв. Өвөрхангай аймагт 1987 онд Ширээний теннисний холбоо байгууллаа. Тэнд таван жил амьдрахдаа үр бүтээлтэй ажилласан.

-Та тус аймагт амжилттай ажилласан хэрнээ Төв аймгийн Баянчандмань сумд ирсэн нь ямар учиртай юм бэ. Ийм шийдвэр гаргахад юу нөлөөлөв?

-Надад “Өөрийн гэсэн амьдралтай болоод эндээс явна даа” гэсэн бодол төрдөг байлаа. Тэгээд нэг өдөр Төв аймгийн Баянчандмань сумын сургуулийн захирал Д.Ганболдод “Би нутагтаа ажиллаж, амьдрах хүсэлтэй байна” гээд захидал бичлээ. Сайндаа ч биш, гэр бүлтэй болох гэж л яарч байгаа хэрэг. Эхнэр бид хоёр энэ нутгийнх. Тэгээд л шийдвэр гаргасан нь тэр. Эхнэртээ захидал бичтэл “Хүрээд ир” гэж байна. 1991 оны намар нутгаа зорьсон. Тэр жил Монголын ширээний теннисний холбооны хот, аймгийн дасгалжуулагч нар БНАСАУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад суух болов. Тус сургалтад суух нэг хүний зардал 15 мянган төгрөг. Тэгтэл Ч.Лхагваа дарга “Мэргэн минь тушаал тань гарсан, чиний зардал нярав Пүрэвдоржид байгаа. Тэр мөнгийг аваад яв. Гэхдээ чамтай нэг зүйл тохиръя. Чи ирээд энд нэг жил ажилла” гэв. Намайг явах гэж байгааг мэдчихсэн байлаа. Би “Үгүй ээ, явнаа” гээд зүтгэчихсэн. Би үеийнхнээсээ хожуу гэрлэсэн. Тэр үед 30 нас хүрчихсэн байлаа. Залуудаа Өвөрхангайд УАШТ-ийг зохион байгуулах сан гэж боддог байв. Тэр хүсэл минь 2019 онд биелсэн. Манай холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга, тус аймгийн Биеийн тамир, спорт хорооны дарга Б.Энхтөр нар “Монголын ширээний теннисний 60 жилийн ойд зориулж насанд хүрэгчдийн УАШТ-ийг Арвайхээрт таны нэрэмжит болгож хийе” гээд дэмжлээ. Орон нутгаас гадна Улаанбаатараас 23 багийн 180 гаруй тамирчин оролцсон тэмцээнийг олон хүний хичээл зүтгэл, тус дэмийн хүчинд амжилттай зохион байгуулсан.

-Баянчандмань сумд ирээд ямар ажил эрхлэв?

-Маргааш нь хүргэн ах, Төв аймгийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Оргодолтой уулзаж томилолт цохууллаа. Нутагтаа очоод зургаан жил дасгалжуулагчаар ажилласан. Тэр хугацаанд МҮОХ-нд дасгалжуулагчийн сургалтад сууж, мэргэжлийн үнэмлэх авав. Сумынхаа сургуульд нэг хэсэг багшилж байгаад хувиараа бизнес эрхэлсэн. Тэр үед спортын салбарын үйл ажиллагаа үндсэндээ зогсож, тамирчид тус тусын замаа хөөв. Амьдрал ахуйдаа анхаарал хандуулж байтал 1990-ээд оны сүүлчээр найз Б.Дэлгэрбуян минь Монголын ширээний теннисний холбооны нарийн бичгийн дарга болж, хамтарч ажиллах санал тавьсан. МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн Гавьяат багш О.Уранчимэг дэмжиж, манай холбооны Удирдах зөвлөлийн гишүүн болсноор ширээний теннис өмнөхөөсөө ахисан. Хүүхдийн спортын анхдугаар наадамд Чандмань сумаас найман хүүхэд оролцсоноос хоёр нь медаль хүртэв. Түүнээс хойш сумынхаа хүүхдүүдийг бэлтгэл шаргуу хийлгэж, 2005 онд зохион байгуулсан УАШТ-д өрсөлдүүлсэн. Манай хүүхдүүдээс 13 нь медаль хүртэж, байгууллагын нэгдсэн дүнгээр III байрт жагслаа. УАШТ-д оролцсон хот, аймгийн баг, клубийн тамирчдыг шавь нар минь хожиж баярлуулсан. Тэр жилийн УАШТ-д 300-400 хүүхэд оролцсон санагдана. Шавь нараа нэгдсэн цугларалтад гаргаж, бэлтгэл хийлгэсэн минь үр дүнгээ өгсөн. Тус тэмцээнд манай том охин М.Баярмаа, шавь Ц.Отгонбат нар холимог хосын төрөлд аваргаар шалгарав. Тэр үед сумын Засаг дарга Я.Алтаншагай агсан дэмжиж, тэмцээнд оролцох шавь нарын минь зардлыг гаргасан.

-Төв аймагт ч бас Ширээний теннисний холбоо байгуулсан бил үү?

-2000 онд Ширээний теннисний холбоо байгуулах гэж Төв аймгийн татварын газрын дарга Ч.Адъяасүрэнг хоёр жил гуйлаа. Тэрбээр теннис тоглодог байсан тул дэмжсэн. Тэгтэл сумын Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар өөрчлөгдлөө. Тэд ч дэмжиж, “Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Баянчандмань сумын нэрэмжит болгоё. Бид чамд сар бүр 50 мянган төгрөгийн цалин өгье” гэв. Мөнгөө үрэлгүй хадгалсаар аймгийн АШТ-ийг зохион байгуулсан. Хүмүүс тэр үед намайг холбооны нарийн бичгийн даргаар ажилладаг байсан болохоор өөрийнхөө нэрэмжит тэмцээнийг хийсэн гэж бодож байлаа. Гэтэл тэмцээн өндөрлөсний дараа багш дасгалжуулагч, зохион байгуулсан хүмүүсээ урьж, цайллага хийв. Тэгтэл дарга “За Мэргэн минь биеэ бариарай. Цаадуул чинь аймгийн Спорт хорооны даргыг холбооны нарийн бичгийн даргаар давхар томилжээ” гэв. Надад тэр үед дарга болохоос илүү ширээний теннисийг хөгжүүлэх л зорилго байсан.

-“Тэмүүжин” спорт сургалтын төвд дасгалжуулагчаар ажилласнаа сонирхуулж яриач. Багш нар ажиллах гэж их өрсөлддөг байсан гэдэг.

-Ширээний теннисний УАШТ 2005 онд болоход шавь нараа амжилттай оролцуулсны дараахан О.Уранчимэг багш “Чи Улаанбаатарт хүрээд ир. “Ирээдүй” клубт багшил” гэж урилаа. Тэр жил Монголын үйлдвэрчний соёлын төв ордонд “Тэмүүжин” спорт сургалтын төв ашиглалтад орсон байв. Тус төвд Б.Энхбат найз минь ажилладаг байхдаа надад “Чамайг багшаар авъя” гэв. Тус төвд хэдэн сар ажиллалаа. Өглөө ажилдаа Баянчандмань сумаас ирж, орой харина. Сүүлдээ найз тодорхойгүй шалтгаанаар ажилдаа ирэхээ ч болив. Тэгтэл нэг өдөр Д.Ариунтунгалаг захирал уулзаад “Мэргэн багш аа, та манайд төвд яагаад ажиллаад байгаа билээ” гэж байна. Тэгэхээр нь “Энхбат надад дасгалжуулагчаар ажиллах санал тавьсан шүү дээ” гэтэл “Тэгвэл түүнийг халж, таныг ажилд авъя” гэв. Тэгж хэлэхэд нь мунаар цохиод авсан мэт болж “Найзыгаа ажлаас нь халуулж байснаас өөрийнхөө замаар явъя” гээд гарсан. 2006 оны хичээлийн шинэ жил эхлэхээс хэд хоногийн өмнө “Тэмүүжин” спорт сургалтын төвийн менежер “Та ирж, ажилдаа ороорой” гэв. Хүүхдүүдийг гурван ээлжээр хичээллүүлтэл ядарч, Баянчандмань дахь гэр лүүгээ явж чадахаа ч болив. Ажлынхаа өрөөнд ор тавиад, гадуур хооллочихоод хонодог боллоо. Тэр үед дээд сургууль төгссөн хүн болгон тус төвд ажилд орох гэж эргэлддэг байсан. Эхний гурван сар туршилтын маягаар бага цалинтай ажиллалаа. Тэр жил хүүхдийн спортын наадамд манай төвийн эрэгтэйчүүдийн баг III байр эзэлж, хүрэл медаль зүүлээ. Тэгсэн нэг өдөр захирал таараад “Мэргэн багш аа, та цалингаа нэмүүлээрэй” гэв. Би сайн тамирчид бэлтгэх гэж зориод цалингаа нэмүүлэхээ бүтэн жил мартчихсан байлаа. Сайн дураараа ажилласан минь надад амжилтыг ар араас нь дагуулсан. Тус сургалтын төвийг 2012 онд татан буулгахад шавь нараа хаана бэлтгэл хийлгэх вэ гэдэг бодол хамгийн түрүүнд төрсөн. Манай хүүхдүүд УАШТ-д II байр эзэлж, тэргүүн байрын төлөө өрсөлддөг болсон байв. Би ажилгүй болох яах вэ, шавь нараа аварга, спортын мастер цолтой болгочих юм сан гэж зорьсон тул дагуулж очоод “Оч” клубт хичээллүүлсэн.

-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлсэн “Авьяас хөтөлбөр”-ийн багшаар таныг сонгосныг санаж байна.

-2012 онд Боловсрол, шинжлэх ухааны яамтай гэрээ хийхэд намайг “Та дуртай сургуульдаа ажиллаж болно” гэхээр нь Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд багшаар очсон. Тэнд өсвөр үеийн тамирчдын дасгалжуулагчаар ажилладаг. “Авьяас хөтөлбөр”-ийн багшаар сонгодож, МҮОНТ-ийн “600 студи”-д ширээний теннисний хичээлийг гурван удаа зааж, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн секцэд хүүхдүүдийг бэлтгэл хэрхэн хийлгэж байгаа талаар зурагтаар гарсан юм. Миний хувьд сонин, сэтгүүл, сайтуудад гарч, ёстой тодорч байсан үе. Тэр жил Ерөнхий сайд Н.Алтанхуяг олон хүүхдийг спортын амжилтад хүргэсэн гэж цом, өргөмжлөл гардуулсан юм. Түүнээс хойш ерөнхий боловсролын сургуулиудад уригдаж, Сүхбаатар дүүргийн нэг, 45, Баянголын 47, Сонгинохайрханы 12 дугаар сургуульд секц байгуулсан. Тэгж хичээллүүлэхдээ “Шинэ од” клубт хүүхдүүдийг элсүүлж, бэлтгэл хийлгэсээр байлаа. Манай “Шинэ од” клубийн тамирчид 2016 онд “Үндэсний дээд лиг”-ийн аварга болж, алт, мөнгөн медаль хүртсэн. Шавь нар минь ч аваргаар нэг бус удаа шалгарав.

-Ширээний теннисний “Сонгинохайрхан”, “Бамбар” клубийг байгуулсан уу?

-Тэгсэн. “Сонгинохайрхан” клубийг байгуулсан нь учиртай. 2016 оны улсын баяр наадмаар бөх үзэж суутал Ч.Санжаадамба түрүүллээ. Тэгтэл цахим хуудасны найз Г.Чинбат хэмээх залуу надтай Цэнгэлдэхийн талбайд танилцаж, “Би теннис тоглох дуртай. Надад нэг жижиг өрөө бий, теннисний клуб байгуулах гэсэн юм. Та нэг харах уу”гэв. Маргааш нь очиж үзтэл тэрбээр “Энэ өрөөний тал нь минийх. Та тохижуулаад хүүхдүүдийг теннисээр хичээллүүл” гэхэд нь “Хоёулаа клуб байгуулъя, чи байр, би хэрэглэл материалууд бэлдье” гэхэд зөвшөөрлөө. Бид клубээ “Сонгинохайрхан” гэж нэрлэн, Б.Баасан багшийн нэрэмжит болгосон. Багш минь Булган аймгийн Хангал сумынх. Г.Чинбат надаас “Та яагаад ингэж нэрлэв” гэхэд нь “Сонгинохайрхан уулын өвөрт энэ дүүргийн хүмүүс ажиллаж, амьдардаг. Дүүрэгт нь ийм нэртэй клуб байгуулбал оршин суугчид нь баярлана шүү дээ” гэсэн. “Шинэ од” клубт лхагва, “Сонгинохайрхан”-д мягмар, пүрэв, бямба гарагт очиж, хүүхдүүдийг бэлтгэл хийлгэдэг болсноор дориун амжилт гаргаж эхэллээ. Тэгтэл “Сонгинохайрхан” клубийн эмэгтэй тамирчдаас бага насны ангилалд С.Анхмаа амжилттай тоглож, улсын хошой аваргаар шалгарав. Сүүлдээ тус клубийн хүүхдүүд дүүрэгтээ түрүүлдэг болсон. Олон улсын хүүхдийн спортын V наадам Сахагийн Якутск хотод 2012 онд болоход Монголын ширээний теннисний баг тамирчид амжилттай оролцож, түрүүлсэн юм. Миний бага охин спортын мастер, улсын аварга М.Дэлгэрмаа гурван төрөлд алтан медаль хүртэв. Төрөл тус бүрт тамирчин түрүүлэхээр дасгалжуулагч багшид нь мөн медаль гардуулдаг. Аав, охин хоёр Сахагаас тус бүр гурван алтан медальтай ирж билээ. Би өөрийн фэйсбүүк, ахлан суралцагч, дасгалжуулагчдын групп, “Бамбар” клуб гэсэн цахим хаягаар хүмүүст энэ спортын талаар мэдээлэл өгдөг. “Бамбар” клубээ С.Чойвон багшийн нэрэмжит болголоо. Цахим хуудастаа Монголын ширээний теннисний үе үеийн дасгалжуулагч, аварга, ахмад тамирчдын амжилт, үйл хэргийг олонд таниулах зорилгоор бичдэг. Үүнийгээ сургалтын ном болгож, хэвлүүлэх бодол бий. Уйгагүй хөдөлмөрлөсөн хичээл зүтгэлийн үр дүнд амжилт ирдэг. Надад өдөр бүхэн үнэ цэнтэй болохоор сургалтынхаа нэг цаг, минутыг ч үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хичээдэг. Би өнгөрсөн хугацаанд зөв явахыг эрхэмлэж, алдар гавьяанаас илүү эх орондоо ширээний теннис хөгжүүлэхийг зорьж ирлээ.

-Шавь нар тань өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож багш, клубийнхээ нэрийг өндөрт өргөдөг болжээ.

-Азийн хүүхдийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Монголд 2018 онд болоход эмэгтэйчүүдийн шигшээ багийг дасгалжуулахад тэргүүлж, аваргаар шалгарсан. Тэгтэл “Тэмүүжин” спорт сургалтын төвд миний удирдлагад хичээллэж байсан Б.Билэгт хошой, М.Дэлгэрмаа, Б.Болор-Эрдэнэ нар түрүүлж, аварга болсон юм. Тэднээс Б.Болор-Эрдэнэ Токиогийн олимпын наадамд өрсөлдөнө. Түүнийг жүдогийн секцэнд орох гэж явахад нь би ширээний теннис рүү урвуулсан. Тэрбээр надаар теннис тоглохыг анх заалгасан хүүхдүүдийн нэг. Уйгагүй хөдөлмөрч зан нь түүнийг амжилтад хүргэлээ. Мөн Б.Билэгтийг их сонин тохиолдлоор ширээний теннист хөтөлсөн. Сонгинохайрхан дүүргийн нэг сургуульд болсон тэмцээнийг үзэхээр очтол өндөр биерхүү хөвгүүн нүдэнд өртлөө. Дасгалжуулагчийн нүдээр ажиглахад теннис тогловол амжилт гаргахаар санагдсан. Түүнтэй танилцахад тэр үед 13 настай байв. Энэ насанд ширээний теннисээр хичээллэхэд хөгшдөнө. Тэгтэл волейболын тамирчин, ОУХМ “солгой” Энхтуяа багш надтай уулзаад “Чи миний хүүг ширээний теннисээр хичээллүүлэх гээд сонирхоод байна аа даа” гэв. Билэгтийн аав Батхишиг агсан 1988 онд улсын аварга болж байлаа. Аваргын хүүг ширээний теннисээр хичээллүүлж, хошой аварга болгосон түүхтэй. Б.Билэгт одоо эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, Азийн АШТ, ДАШТ-д оролцдог шилдгүүдийн нэг болсон. Ширээний теннисээс олон аварга төрж буй нь энэ спортод амьдрал, хөдөлмөрөө харамгүй зориулсан дасгалжуулагч нарын ач гавьяа. Миний хувьд шавь нараа эх орондоо хайртай, зөв, даруу хүн болгож төлөвшүүлэхийг хичээдэг. Токиогийн олимпын наадамд Монголын баг тамирчдын өрсөлдөх спортын төрлийг сагсан бөмбөг, ширээний теннис нэмлээ. Ширээний теннисний тамирчдыг олимпын эрх авахад монголчууд баярласан, одоо дэмжихээр догдолж сууна.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.