Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооны хүсэлтээр Ардчилсан институт хүний эрхийн алба уг хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт хийж буй юм. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)- ын Ардчилсан институт хүний эрхийн албаны хуулийн мэргэжилтэн Надя Сирэнко, сонгуулийн зөвлөх Горан Пэтров, Улс төрийн намын үндсэн багийн гишүүн Фэрнандо Касал Бэртоа нарыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран болон албаны хүн бусад өчигдөр хүлээн авч уулзлаа.
Улс төрийн намын тухай хууль олон улсын стандарт, ЕАБХАБ-ын хэмжигдэхүүнд нийцэж байгаад анхан шатны үнэлгээ хийх зорилготойгоо төлөөлөгчид танилцуулав. Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт хийх хүсэлтийг хүлээн авсанд талархал илэрхийлээд хуулийг сайжруулах санал боловсруулах, улс төрийн намын үйл ажиллагааны болон сан хүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд уг дүгнэлт ач холбогдолтойг онцлов.
Мөн тэрбээр хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахад шаардлагатай хүний нөөцийг бэхжүүлэх, улс төрийн намын санхүүжилтийн цахим систем нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж буйгаа танилцуулсан юм. Энэ удаагийн уулзалтаар Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтэд тулгарч буй асуудлаар төлөөлөгчдөд дэлгэрэнгүй мэдээлэл өгчөө. Тус хуулийн хэрэгжилтэд хийсэн урьдчилсан дүгнэлтийг өнөөдөр танилцуулах аж. Эцсийн дүгнэлт бэлтгэхдээ дахин Монгол Улсад ажиллах юм байна. Дүгнэлтийг танилцуулах хуралд Ардчилсан институт хүний эрхийн албанаас гадна Латви, Британиас мэргэжилтнүүд оролцож, олон улсын туршлагаас хуваалцах гэнэ.
Ч.Туяа