Эрүүл мэндийн салбар өнгөрсөн жилийн намраас “модоо барьж”, тусламж, үйлчилгээгээ үзүүлж чадахгүйд хүрсэн нь даатгалын сан дампуурсантай холбоотой байв. Бараг бүх л цаг үед эл салбар төсөв мөнгө муутай байсан ч иргэд улсын эмнэлэгтээ үзүүлж чадахаа байтлаа шалдаа бууж байсангүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ынхан сан дампуурч буйг олон нийтээс нуусан ч эцэстээ үнэнд гүйцэгдэж, өрөндөө баригдаж, өтөндөө идэгдсэн нь тэр.
Тодруулбал, 2024 оны аравдугаар сараас улсын эмнэлгүүд нэг удаагийн бээлий, хэрэглэлээ ч авч хүчрэхгүй болж, үйл ажиллагаа нь доголдсоор адаг сүүлдээ “хаалгаа барьцгаасан”. Тэгвэл өнөө жил энэ үйл явдал давтагдахгүй гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй байна. Эмч нар ч Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-г эхний хагас жилээс хэтрэхгүй дампуурна, эртнээс амь амиа бодож, эмнэлэгт үзүүлж байсан нь дээр хэмээн иргэдэд сэрэмжлүүлэх боллоо. Шинэ оны эхний улирал дөнгөж шувтарч байхад ЭМДС-гийн санхүү¬ жилттэй холбоотой маргаан, талцал салбарын хэмжээнд ийн “өндрөө авсан нь” бас л ЭМДЕГ-ынхны төсвийн судалгаа, тооцоогүй хуваарилалт, даатгуулагчдыг өвчнийх нь түүхээр ялгаварлан гадуурхах болсон үйл явдалтай хамаатай гэдгийг эмч, мэргэжилтнүүд шүүмжлэв. Өөрөөр хэлбэл, даатгалын сангаас тусламж, үйлчилгээг хэрхэн санхүүжүүлэхгүй байх вэ гэдэгт ЭМДЕГ-ынхан сүүлийн үед толгойгоо гашилгаж, түмэн арга сүвэгчлэх болсон гэнэ. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нэгэн эмч “ЭМДЕГ-аас эмнэлгээр үйлч¬ лүүлэгчдийн өвчний түүхийг шалгасан. Манай тасгийн хувьд зарим өвчний түүхийг шаардлага хангахгүй гэж үзээд нэг сарын санхүүжилтээс 20 сая төгрөг хасахаар болов. Өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй учраас юунаас болов, яав ийв гээд айх сандрах зэрэгцсэн. Тэгтэл мэс заслын зөвшөөрлийн хуудсанд өвчтөний ар гэрийнхэн нь гарын үсэг зураагүй гэсэн шалтгаанаар өвчний түүхийг хүчингүйд тооцсон байсан. Уг нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны А/611 дүгээр тушаалын XI хавсралтад “Эрүүл мэндийн бүртгэлийн маягтад насанд хүрээгүй, ухаангүй, сэтгэцийн эмгэгтэй өвчтөний ар гэрийнхнээр гарын үсэг зуруулна” гэж заасан. Насанд хүрсэн, сэтгэцийн асуудалгүй хүнд мэс засал хийж, эдгээсэн нь ингээд буруутав. Бусад өвчний түүхийг ч гэсэн иймэрхүү аар саар асуудлаар санхүүжилтээс хассан. ЭМДС хоосорч, мөнгөгүй болж болно. Ойлгож байна.
Гэхдээ иймэрхүү шалтгаар эмч нарын ажлыг баллуурдаж, эмнэлгийг хохироомооргүй байна. Эрүүл мэндийн салбар бидэнд яагаад ийм ээлгүй тогтолцоотой юм бэ. Хийсэн ажлыг минь яагаад ингэж үнэгүйдүүлнэ вэ. Үнэхээр алдаа байвал хүлээн зөвшөөрөх сөн. Үнэндээ цаашид ажиллах, хүн эмчлэх хүсэл сонирхол алга. Ийм байхад эмч нарын цалин яаж ч нэмэгдэх вэ дээ. Эмнэлгүүдийн дарга нар энэ талаар мэддэг ч дараа дараагийнхаа ажлыг бодоод дугардаггүй. Дарамт ирнэ гээд. Надад ч гэсэн янз бүрийн зүйлс тохиолдох л байх, гэхдээ би дуугүй өнгөрч чадахгүй. Салбарын төсөв 2025 онд зургаан жилийн өмнөхөөсөө бараг зургаа дахин нэмэгдсэн. Тэгвэл улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлсэн болон хэвтэн эмчлүүлсэн хүмүүсийн тоо 2019-2023 онд л гэхэд тэгтлээ хэд дахин нэмэгдээгүй. Төсөв тэлээд байхад улам л хүрэлцэхгүй гэх нь юуных юм бол. Ямартай ч энэ онд эрүүл мэндийн салбарт эдийн засаг, эрх зүй, эмчилгээ, тусламжийн хувьд ч их уналтын жил болж магадгүй шинжтэй” гэсэн юм. Мөн тэрбээр “ЭМДЕГ-ынхан гэрээ хийсэн эмнэлгүүдээ төрөл бүрийн аргаар дарамталдаг, гэрээгээ сунгахгүй, дахин байгуулахгүй гэж айлгадаг. Төсөв танах нэрийдлээр хамгийн бага тарифаар эмчилгээ, үйлчилгээг үнэлж, санхүүжилтийн хязгаарыг 40-50 хувиар хасаж тооцсоор байна. Эмнэлгүүдэд гэрээний дагуух мөнгөө хэдэн сараар нь өгөхгүй хоцроож, эрүүл мэндийн байгуулагуудын нурууг харин ч сайн авч байна даа. Гүйцэтгэлийн санхүүжилтийн бодит байдал нь л энэ” хэмээсэн. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар “2025 оны нэгдүгээр сард хэвтэн эмчлүүлэгчдийн санхүүжилтийг даатгалаас 100, хоёрдугаар сарынхыг 50 хувь хассан. Гуравдугаар сард ердөө таван хүн л хэвтүүлэн эмчилсэн” гэсэн бол орон нутгийнхан “Сумын эмнэлгийн тухайн сарын санхүүжилтийн хязгаар давсан гэдэг үндэслэлээр үйлчлүүлэгчдийн өвчний түүхийг бичиж болохоо байсан. Энэ нь өвчтөнийг хэвтүүлэн эмчлэх бол даатгалаас санхүүжилт авахгүй гэсэн үг. Эмнэлэгт хэвтэх хүмүүс олон удаагийн шинжилгээ хийлгэдэг, үүнд ч мөн даатгалаас хөнгөлөлт үзүүлэхгүй гэсэн” хэмээн ярив.
Салбарын эмч, мэргэжилтнүүд ЭМДС-гийн төсвийн энэ мэт зүй бус хуваарилалт, эмнэлгүүдэд барагдуулаагүй өр төлбөр, санхүү¬ жилтээ хугацаанд нь өгөхгүй бол эцэс сүүлд нь иргэд л хохирдгийг хэлсээр, хэлэлцсээр буй юм. Гэвч үүнийг тоох эрх мэдэлтэн, зохицуулж хянадаг яам, тамгын газар гэж алга. ЭМДЕГ-ынхан гэрээт эмнэлгүүдээ санхүүжүүлж дийлэхгүй болохоороо гэрээгээ шууд цуцалчихдаг. Ингээд л даатгалын сангийн асуудлыг “шийдчихнэ”. Тэд үүнээс өөрийг үнэхээр хийж чадахгүй байгааг та, бид, иргэд, олон нийт ч өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд хангалттай харлаа. ЭМДЕГ-ыг “тусад нь гаргаж”, салбарын бүх төсвийг захиран зарцуулж, хуваарилах эрх мэдлийг атгуулснаас хойш үндсэндээ иргэд улсын эмнэлгийнхээ амбулаторид ч үзүүлж чадахаа больсон нь үнэн шүү дээ. Энэ бүхэн ЭМДЕГ гэрээт эмнэлгүүдийнхээ тусламж, үйлчилгээг худалдаж л авдаг, өөр шидгүй байгууллага болсонтой шууд холбоотой гэдгийг эмч, судлаачид хэлсээр байгаа юм. Тэгвэл ЭМДЕГ-ынхан энэ талаар “Иргэдийн өвчний түүхүүдийг шалгаад, хасагдсан мөнгийг тухайн эмнэлгийн дараа сарын санхүүжилттэй нь хамт нөхөн шилжүүлж байгаа. ЭМДС-д 2025 онд хоёр их наяд 293 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 300 гаруй тэрбумаар нэмэгдсэн дүн. Гэхдээ ЭМДС 2022-2024 онд гэрээт эмнэлгүүдэд 316 тэрбум төгрөгийн өртэй байсан. Үүнийгээ барагдуулах учраас сангийн төсөв нэмэгдсэн ч тусламж, үйлчилгээнд өөрчлөлт орохгүй. Харин ч гэрээт эмнэлгүүдэд олгох санхүүжилт энэ онд 1.2 их наяд төгрөг болж, өмнөх жилийнхээсээ 250 гаруй тэрбумаар буурсан. Тиймээс тусламж, үйлчилгээг ангилж, нэн хэрэгцээтэй буюу эмнэлгүүдийн яаралтай, төрөх, хавдар, харвалт, шигдээс, сэтгэц зэрэг цочмог, төлөвлөгөөт эмчилгээний санхүүжилтийг өнгөрсөн жилийнхээс хасахгүйгээр гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ. Харин архаг хууч өвчин буюу хүлээгдэж болох тусламж, үйл¬ чилгээний төсвийг энэ онд танахаас өөр аргагүйд хүрсэн. Үүнд нь зарим хэвтүүлэн эмчлэх эмчилгээ багтсан” хэмээн тайлбарласан. Улс, хувийн эмнэлгүүдэд гүйцэтгэлээр нь буюу үзүүлсэн тусламж, үйлчилгээнийх нь тоонд тулгуурлан даатгалын сангаас төсөв хуваарилдаг болсноос хойш эрүүл мэндийн салбар өөдлөхөө больжээ.
Сахил хүртээд шал дордов гэгчээр энэ онд салбарын төсвийг 2-3 дахин нэмээд ч нөхцөл байдал дээрдэхгүй, улам л муудах нь. Өмнө нь дурдсанчлан иргэдээ өвчин эмгэгээр нь ялгаварлан үзэж, эмнэлэгт хэвтүүлэхгүй, эмчлэхгүй гэж байна. Архаг хууч өвчтэй хүмүүсийн эмчилгээ, үйлчилгээ авах эрхийг нь үндсэндээ хасчихлаа. Өнөө, маргаашдаа үхэхгүй юм чинь хүлээхээс өөр сонголтгүй гэнэ. Хоёр их наяд 293 тэрбум төгрөг гэдэг бол ЭМДС-д л хуваарилсан төсөв юм. Салбарын хэмжээний нийт төсөв энэ жил дөрвөн их наяд давж, түүхэн дээд түвшинд хүрч¬ хээд байгаа. Ингэж өсгөсөн шалтгаан нь өнгөрсөн жилүүдийн сангийн алдагдалтай холбоотой. Тодруулбал, 2024 онд улсаас 2.4 их наяд төгрөгийг эрүүл мэндийн салбарт төсөвлөсөн ч жилийн эцэст гүйцэтгэл нь 2.7 их наяд болж, 300 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Үүнийгээ салбараараа хүлээн зөвшөөрчихсөн. Тэр хэрээр ЭМДС-гийн эмнэлгүүдэд хуримтлагдсан өр тэлсээр, одоо ч бүрэн барагдуулж дуусаагүй л байна. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг та, бид бусад татварын мөнгөнөөсөө дахиад л сангийн алдагдлыг төлж буй гэсэн үг. Тэгсэн атлаа ЭМДС-гийн мөнгөөр дураараа “тоглож”, үр ашиггүй зарцуулж ирсэн ЭМДЕГ-ынханд өнгөрсөн хугацаанд хэн ч хариуцлага тооцсонгүй. Өрийг нь дарж өгөөд л, толгойг нь илээд байдаг нь юуны учир вэ.
Өнөө жил эрүүл мэндийн салбарт 4.3 их наяд төгрөг зарцуулна. Гэсэн ч төсөв нэмэгдсэнээр тусламж, үйлчилгээний чанар сайжрахгүй, тоо нэмэгдэхгүй. Харин ч бууруулна, танана, зогсооно л гэснийг уншигч та анзаарсан байх. Өнгөрсөн жилийн сүүлийн улиралд ч гэсэн ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан улс, хувийн эмнэлгүүд амбулаторийн цогц тусламж, өдрийн эмчилгээ, сэргээн засах, архаг өвчний үеийн хэвтүүлэн эмчлэх үйл¬ чилгээнүүдээ зогсоосон шүү дээ. Үүнийгээ ЭМЯ-ныхан ч эвтэйхэн тайлбарлаад өнгөрсөн. Сайд Т.Мөнхсайхан энэ тухай “Архаг өвчтэй, рашаан сувилалд хэвтэх шаардлагатай хүмүүс 2025 оноос хөнгөлөлт урамшуулалдаа хэвийн хамрагдана” гэж мэдэгдсэн ч эл амлалтдаа хүрэхгүй нь тодорхой боллоо. Яаралтай тусламж л биш бол өдөр тутамд, байнгын эмчилгээ, асаргаа хийлгэдэг, хэвтрийн, хүнд өвчтэй хүмүүс ЭМЯ, ЭМДЕГ-ынханд огтхон ч хамаагүй аж. Эрүүл мэндийн салбарын төсөв энэ онд нэмэгдсэнтэй холбоотойгоор ямар өөрчлөлт, шинэчлэл хийх талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын тулд эхлээд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын чадавхыг бэхжүүлж, гүйцэтгэлийн санхүүжилт, цахим мэдээллийн тогтолцоог нэвтрүүлэн, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй болгоно” хэмээсэн.
Мөн Тогтвортой хөгжлийн эрүүл мэндийн зорилтуудын хүрэх шалгуур үзүүлэлтийг дээшлүүлж, тусламж, үйлчилгээнд бүх нийтийн хамрагдалтыг нэмэгдүүлнэ гэсэн. Үүний дотор эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, хүн амын дундаж наслалтыг нэмэгдүүлэх, иргэдийг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг авах тухай багтаж буй. Гэтэл ачир дээрээ хүнд өвчтэй хүмүүсээ ч эмнэлэгт хэвтүүлж чадахгүй, том том төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж попорсон л дарга нараас цаашгүй болж дээ, хөөрхий.