Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт техникийн туслалцаа үзүүлэхээр талууд өчигдөр гарын үсэг зуржээ. Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жаргалант тосгонд гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашин нийлүүлэх аж. Уг тосгонд ирэх онд гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар төлөвлөж буй гэнэ. Түүнчлэн 21 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төв түргэн тусламжийн хоёр автомашинтай ч нэг нь зориулалтын бус юм байна. Харин дээрх төслийг хэрэгжүүлснээр Жаргалант тосгонд гал түймэр, ослын үед гал унтраах, хүний амь аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах нөхцөл бүрдэх нь.
Ташрамд дурдахад, Японы Засгийн газраас “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” төслийг Монгол Улсад 1990 оноос хойш 35 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Жаргалант тосгонд гал түймэр унтраах болон түргэн тусламжийн автомашиныг нийлүүлэх тусламж нь Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэх 15 дахь төсөл нь аж.
М.Оч