Өнөөдөр олон улсын охид, эмэгтэйчүүдийн боловсролын өдөр тохиож байна. Эл өдрийг дэлхий даяар бусад эрхийн өдрүүд шиг өргөн дэлгэр тэмдэглэдэггүй. Гэхдээ охид, эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхэд нь халддаг, хязгаарладаг байдлыг эсэргүүцдэг, түүний төлөө тэмцэгч улс орнууд дуу хоолойгоо хүргэсээр иржээ. Манай улсад ч ялгаагүй эмэгтэйчүүдийн суралцаж, хөгжих нь нийгмийн олон асуудлаас шалтгаалан дутмаг хэвээрээ. Олуулаа болох мөрөөдөлтэй төр засгийнхан эхчүүдийг хүүхэд төрүүлж, хүн амаа өсгөхийг “шаарддаг”. Тэгсэн хэрнээ сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй, тэгш бус байдлыг шийдэж чаддаггүй. Үүнээс болоод эмэгтэйчүүд хүүхдээ асарч, гэрт олон жил “суун”, сурч, хөгжих боломжоо алддаг байна.
Үндэсний статистикийн хорооноос 2020 онд гаргасан, 7860 өрхийг хамруулсан “Жендерт суурилсан хүчирхийллийн судалгаа”-нд 18-64 насны эмэгтэйчүүдийн 374 нь боловсролгүй, 489 нь бага боловсролтой байсныг онцолжээ. Мөн 1361 эмэгтэй суурь, 2008 эмэгтэй бүрэн дунд боловсролтой байсан аж. Судлаачдын хэлж буйгаар орон нутагт, тэр дундаа малчин охид, бүсгүйчүүдийн сурч боловсрох нь хязгаарлагдмал, зарим нь сургуульд ч орохгүй шууд мал маллах болжээ. Охид, эмэгтэйчүүд дээд боловсрол эзэмшихгүй байснаар алсдаа хөдөлмөр эрхлэх нь буурч, бүсгүйчүүдийн нийгэмд эзлэх байр суурьт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үздэг.
О.Ундрах