Боловсролын яам, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлтэй хамтын хэлэлцээр байгуулсан. Үүний хүрээнд төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын албан хаагчдад сар бүр хоолны нөхөх төлбөр олгохоор шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл энэ сарын 1-нээс 2464 цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 88.6 мянган албан хаагчид хоолны мөнгө олгож эхэлжээ. Орон нутгийн багш нарт сард дунджаар 107 500, нийслэлд 172 000 төгрөг олгох юм байна.
Энэ тухайд Боловсролын сайд П.Наранбаяр “Улсын төсвөөс нийт 115.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цалингийн батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэх боломжтой. Цаашид хувьсах зардлын бүрэлдэхүүнд хоол, унааны нөхөх төлбөрийг тусгахаар Засгийн газрын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулан, жил бүр нэмнэ. Сард нэг хүнд очих орлого орон нутагт дунджаар үндсэн цалингийн 7.2, нийслэлд 11.6 хувиар нэмэгдэх боломж бүрдлээ” гэв. Харин зарим багш, ажилтан “Өдөрт 5000 төгрөгөөр хооллоно гэж юу байх вэ. Үүний оронд үндсэн цалинг нэмэх хэрэгтэй. “Хот, хөдөө гэж ялгавартай хандахаа боль” хэмээн цахим орчинд байр сууриа илэрхийлжээ.
Ч.Болор