Монголын масрестлингийн (Модон барилдааны) спортын холбооны ерөнхий болон олон улсын шүүгч С.Тэлмэн хилийн дээс нэг бус удаа алхаж, гадаадын тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж байв. Спортын талбарт хөл тавьж, 2022 оноос шүүгчийн ажлын гараагаа эхлүүлсэн тэрбээр энэ онд олон улсын шүүгч, эхнэр Б.Даариймаагийн хамт долоон том тэмцээн дэнсэлжээ. Тухайлбал, Бразилын Сан-Паулад өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон ‘’Арнольд классик хүчний фестиваль” наадамд тивийн шүүгчдээс анх удаа ерөнхий шүүгчээр томилогдсон. Тус фестивалиас ирснийхээ дараахан ОХУ-ын Сахагийн Якут хотыг зургаадугаар сард зорьж, “Азийн хүүхдүүд’’ олон улсын VIII их наадмын ерөнхий шүүгчээр мөн ажилласан юм. Тэгвэл наймдугаар сард Бразилын Рио-де-Жанейро хотод хөл тавьж, Өмнөд Америкийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн, есдүгээр сард Казахстаны Астанад эхэлсэн Дэлхийн нүүдэлчдийн их наадам, Киргизийн нийслэл Бишкект арваннэгдүгээр сарын сүүлчээр болсон ДАШТ-д ерөнхий шүүгч болон нарийн бичгээр ажилласан билээ. Эх орноо төлөөлж, Европын АШТ, тив, дэлхийн тэмцээн, наадмуудыг амжилттай шүүн дэнсэлсэн ур чадвар, туршлагаараа өдгөө дэлхийн шилдэг, А зэрэглэлтэй шүүгчдийн бүрэлдэхүүнд зүй ёсоор бичигддэг болжээ.
-Монголын масрестлингийн спортын холбооны тамирчин, дасгалжуулагч, шүүгчид олон улс, тив, дэлхийн тэмцээнээс эх орондоо олз омогтой ирж, 2025 оныг амжилт дүүрэн угтах нь.
-Баярлалаа. Манайхан энэ онд гадаадын тэмцээнд цөөнгүй оролцлоо. Киргизийн Бишкек хотод болсон ДАШТ-д өрсөлдөхийн өмнө Сахагийн Якутад Монголын 30 тамирчин, албаны 10 хүн, олон улсын хоёр шүүгч, нийт 42 хүний бүрэлдэхүүнтэй хөл тавьж, ОХУ-ын тамирчидтай 21 хоног хамтарсан бэлтгэл хийсэн. Үүнийхээ үр дүнг дэлхийн дэвжээнд харуулж, 13 медаль хүртсэн бахдам амжилтаар шинэ оныг угтаж байна. Бидний хувьд 2025 он үүрэг хариуцлагатай чухал жил. Өнгөрсөн сард болсон ДАШТ-ий үеэр Олон улсын конгрессын хурал болж, Монгол Улс ирэх жил ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулахаар санал дэвшүүлснийг гишүүд нь санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн. Дотоодын Удирдах зөвлөлийн хурлаар орон нутагт салбар холбоод байгуулагдсантай холбоотойгоор тэмцээн болох газрын орчин нөхцөлийг нь судлаад Архангай аймгийг сонгож, “Ара комплекс” спорт цогцолборт долоодугаар сарын 30-наас наймдугаар сарын 3 хүртэл зохион байгуулахаар төлөвлөж шийдвэрлэлээ.
-Манай улс эзэн орон гэдэг утгаараа дээрх тэмцээнд олон тамирчин сойж, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож болох нь ээ?
-Монголын масрестлингийн спортын холбоо, тамирчин, шүүгчдийн бүрэлдэхүүн ДАШТ-ийг өндөр хэмжээнд зохион байгуулахын тулд шинэ оны нэгдүгээр сараас бэлтгэл ажлаа эхлүүлнэ. Олон улсын масрестлингийн спортын холбооноос уг тэмцээнийг нүүдэлчдийн соёлыг харуулсан задгай талбайд зохион байгуулахыг онцолж буй. ДАШТ-ийг улсдаа зохион байгуулах эрх авахад гол нөлөө үзүүлсэн зүйл бол 2013 оноос хойш 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй Монголын масрестлингийн спортын холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсүрэн Азийн масрестлингийн спортын холбооноос Азийн шилдэг ерөнхийлөгчийн өргөмжлөл гардсан явдал байв. Энэ нь манай холбоо тив, дэлхийд үнэлэгдэж буйг харуулсан юм.
-Тамирчид хамтарсан бэлтгэл хийж, туршлага чамгүй хуримтлуулсан байх. Үүнийгээ ч харуулж дэлхийн дэвжээнд шагналын хур буулгалаа шүү дээ.
-Сахагийн Якутаас гаралтай эл спортыг нутагт нь очиж, бэлтгэл хийхдээ манайхан сайтар судалсан юм. Шүүгчийн хувьд тэдний техник өмнөхөөсөө илүү сайжирсныг анзаарсан. Тэмцээний үед ямар техник ашиглах, өрсөлдөгчдөө хориотой мэх хийхгүйгээр хэрхэн ялж болохыг маш сайн сурлаа. Манай улс дэлхийд чансаагаар эхний гурван байрт эрэмбэлэгдэж, ОХУ, Киргизийн ард жагсаж байна. Якут хүмүүс өөрсдийгөө монгол угсаатай хэмээн ярьдаг. Тиймээс биднийг найрсгаар угтан авч, бэлтгэлийн үед хэрэг болох бүх зүйлээр хангаж, дасгалжуулагчид нь мэддэг, чаддаг бүхнээ харамгүй зааж, зөвлөсөн. Монголчууд хаана ч очсон дасан зохицох чадвар сайтай. Биднийг очиход Якутад өвөл болж, өдөртөө -10, шөнөдөө -20 градус хүйтэн байв. Манайхан хүйтний улирлыг ажрахгүй давдаг тул тэндхийн уур амьсгал, цаг агаарт дасахад хүндрэл гараагүй. Энэ удаагийн тэмцээн чансаа өндөр болсон нь олон орны тамирчдад их таалагдсан шүү.
-Нүүдлийн соёл иргэншилтэй манайхны хувьд энэ спортоор хичээллэхэд бие, сэтгэл зүйн онцлогт нь хамгийн их тохирдог шиг санагдсан.
-Манайхныг зааланд орохыг хараад гадаадын үзэгчид “Хөөх, монгол тамирчид ирлээ” гэж уулга алддаг. Европын болон Азийн орнуудын тамирчид өрсөлдөгч гэхээсээ илүү нөхөрсгөөр хүлээж авна. Сүүлийн үед манай тамирчдаас туршлага хардаг болсон нь ажиглагдлаа. Тамирчдын бичлэгийг үзээд “Та нарын тэмцээнд амжилт гаргадаг ур чадвараар бахархсан. Танилцъя, цахим хуудас, инстаграм хаягаа солилцъё” гээд найрсгаар яриа өрнүүлдэг. Монголчууд моринд эрэмгий тул тэнцвэр, тэсвэр, тэмцэх чадвар сайтай. Масрестлингийн тэмцээнд зөвхөн бяраар амжилт гаргадаггүй. Хурд, хүч, авхаалж самбаа, ухаан, ур чадвар, хатуужил гээд хүнээс гарч болох бүх зүйлийг богино хугацаанд харуулдаг.
-Масрестлинг хурд, хүчний спорт тул үзэгчдийн сонирхлыг татдаг. Гадаадын тамирчид Азийн оролцогчдоос илүү сэтгэл догдлолоо дэвжээнд илэрхийлж гаргах юм.
-ОХУ-ын тамирчид спорт өндөр хөгжсөн улстай гэдгээ харуулж хүчтэй өрсөлддөг. Үүгээрээ ч өрсөлдөгчөө шатаахаас гадна өөрсдийгөө хурцалж зоригжуулдаг. Тэгвэл монгол тамирчид тайван өрсөлддөг. Ялсан ч, ялагдсан ч өрсөлдөгчөө хүндэлж, сэтгэл хөдлөлөө тэр бүр илэрхийлдэггүй. Энэ чанар нь Монголын багийг ямар ёс зүй, хандлага, сахилга баттай болохыг харуулдаг юм. ДАШТ-д 39 орон оролцсоноос хойд хөршийнхөн манайхантай хэсгийн аварга, медалийн төлөөх барилдаанд цөөнгүй таарсан.
-Тамирчин байсан таныг олон улсын шүүгчээр ажиллуулсан зүйл юу байдаг вэ?
-Монголын тамирчид 2022 оноос өмнөх тэмцээнд олон улсын шүүгчгүй оролцдог байв. Өнгөрсөн жилээс шүүгчийн бүрэлдэхүүнтэй өрсөлдөх болсон. Миний хувьд эхнэрийнхээ хамт хоёр жилийн өмнө энэ спортод хөл тавьж, УАШТ-д өрсөлдөн ДАШТ-д оролцох эрх авч байлаа. Тухайн үед гадаадын шилдгүүдтэй өрсөлдөхдөө дэлхийн дэвжээ хатуу болохыг ойлгосон юм. Тэндээс ирснийхээ дараахан шүүгч болох шийдвэр гаргасан. Энэ удаагийн ДАШТ-ий өсвөр үеийнхний ангилалд дэлхийн аварга болсон 16 настай У.Нарантогтохын амжилтыг онцлох нь зүйтэй. Тэрбээр Бишкект Төрийн дууллаа эгшиглүүлж, эх орондоо анх удаа алтан медаль авчирлаа. Олон улсын тэмцээнд шүүгчтэй оролцох нь тухайн орны тамирчдад давуу талтай. Шүүгч нарын хурлаар хэлэлцсэн дүрмийн заалт, тэмцээний зохион байгуулалтын асуудал, тамирчдын жин үзэх, цагийн хуваарьт өөрчлөлт орсон талаарх мэдээллийг цаг алдалгүй авдаг. Миний хувьд энэ удаагийн ДАШТ-д нарийн бичиг шүүгчээр ажилласан.
-Спортынхны дунд шүүгчээр ажиллах хэцүү гэх яриа бий. Та ч гэсэн үүнийг мэдэрсэн байлгүй.
-Шүүгчийн ажил өндөр үүрэг хариуцлагатай. Тамирчнаа дэвжээнд өрсөлдөхөд сэтгэл хөдлөлөө дарах хэцүү байдаг. Ялахад нь баярлаад орилмоор, ялагдахад нь “Чи ийм, тийм мэх хийгээч” гэж хашхирмаар байвч даанч болохгүй. Хэрвээ ингэвэл шүүгчийн ёс зүйд нийцэхгүй. Тиймээс дүрмээ баримтална. Тэр тусмаа ДАШТ-ий финалд шалгарч, алтан медалийн болзол хангасан тамирчнаа харах мөч хамгийн сайхан агшин байдаг. Аваргын төлөө өрсөлдсөн гурван тамирчнаа учраадаа хожигдож, мөнгөн медаль зүүхэд нь “Ингэчихгүй яав даа” гэж харамсаж зогсох хүнд байсан даа.
-Олон улсын масрестлингийн холбоо энэ сарын 25-нд хуралдаж, дүрмийнхээ заалтыг өөрчилж шинэчилсэн гэж сонслоо.
-Тус холбоо дүрэмдээ шинэчлэл хийснээ ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Монголын шүүгчдээс Б.Даариймаа бид хоёр хуралд оролцсон. Дээрх хурлын үеэр өмнө нь маргаантай байсан заалтуудаас тухайлбал, хөлийн байрлалыг хаанаас эхлэх, барьц хэрхэн сонгохыг маш тодорхой болголоо. Өмнө нь олон улсын тэмцээнд хөлийн байрлалыг дороос, ОХУ-ын тэмцээнд дээрээс эхэлдэг байсныг шинэ дүрэмд хаанаас ч эхэлж болох заалт оруулсан. Ингэснээр зарим тамирчинд амжилт гаргах боломж бүрдэж байна. Хөлийн байрлалыг дороос эхлүүлдэг, тэсрэлт багатай тамирчдад энэ заалт давуу тал болох юм. Мөн торгууль өгөх арга хэмжээг нарийн задалж, хөл бөмбөгийн спорт шиг торгуулийн улаан, шар хуудастай боллоо. Тэмцээний үед ёс зүйгүй үйлдэл гаргасан тамирчин, дасгалжуулагчид сануулах байдлаар шар карт өгнө. Харин үйлдлээ дахин давтсан тохиолдолд улаан карт өгч, тухайн тэмцээнээс хасна.
-Спортын дэвжээнд гэр бүлээрээ шүүгчээр ажиллах нь ховор. Гадагшаа хоёул явахаар болбол ар гэрийнхээ ажлыг эртнээс зохицуулдаг биз?
-Хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийн асуудлаас гадна ажлаа зохицуулах, зардлын мөнгө олох гээд багагүй ажил өрнөнө. Хоёр хүний зардал олох нь санхүүгийн хувьд амаргүй. Биднийг хилийн дээс алхсан үед хоёр талын аав, ээж хүүхдүүдийг минь харж, асардаг юм. Би одоо “Хархорум” зураг төслийн газарт архитектороор, эхнэр үл хөдлөх хөрөнгийн “Remax” компанид ажилладаг.
-Масрестлинг залуу спорт ч гэлээ Монголд эрчимтэй хөгжиж байгаа. Холбооны удирдлага тань шүүгчдээ гадаадын сургалтад хамруулдаг уу?
-Монголын масрестлингийн спортын холбоо Олон улсын масрестлингийн холбоотой хамтран ажиллаж, тамирчдаа маш сайн дэмждэгийн үр дүнд ДАШТ-ээс ганзага дүүрэн ирсэн. Тамирчдыг амжилт гаргахад бэлтгэл сургуулилалт хийх бааз, орчин нөхцөл чухал. Манай холбоо “Алтай” хотхоны ард өнгөрсөн зургаадугаар сард шинэ заал ашиглалтад оруулснаар тамирчдад бэлтгэлээ таслалгүй хийх боломж бүрдсэн. Улаанбаатар хотод клуб, орон нутагт салбар холбоод байгуулснаар тэмцээнд оролцох тамирчдын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдэж байна. Ирэх жил 21 аймагт масрестлингийн аймгийн АШТ-ийг зохион байгуулахаар төлөвлөж, онол практикийн сургалт явуулах юм. Олон улсын масрестлингийн холбооноос шүүгчийн сургалтыг жил бүр зохион байгуулдаг. Шүүгчид туршлагатай байж олон улсын шүүгчийн эрх авна. Дотоодын тэмцээн шүүсэн ажлын туршлагаа үнэлүүлж, олон улсын тэмцээнийг дэнсэлдэг. Ирэх жил болох ДАШТ-д манайхан эзэн орон гэдэг утгаар 40 шүүгчийн бүрэлдэхүүнтэй оролцохоор төлөвлөж байгаа. Одоогоор Монголд 22 шүүгч ажилладаг. Тиймээс нэмэхийн тулд ирэх жилийн нэгдүгээр сарын 11-12-нд онол, практик хосолсон дотоодын шүүгчийн сургалт явуулна. Шинэ он эхлэхтэй зэрэгцээд холбооноос хамгийн түрүүнд зохион байгуулах ажлын нэг нь энэ.
-Эхнэрээ тэмцээн дэнслэхээр дэвжээнд гарахын өмнө та юу гэж зөвлөдөг вэ?
-Эхнэр бид хоёр тэмцээн эхлэхээс өмнө дүрмийн өөрчлөлт, заалтуудын талаар сайтар ярилцаж, зөвлөлддөг. Б.Даариймаагийн хувьд ажилдаа маш сайн анхаарал хандуулдаг тул алдаа дутагдал гаргадаггүй. Хуримтлуулсан туршлага, ур чадвараараа дэлхийн шилдэг шүүгчдийн тэргүүн эгнээнд бичигдлээ. Киргизийн Бишкек хотод болсон ДАШТ-ий үеэр шилдэг шүүгчээр шалгарсан. Шүүгчийн хариуцлагаас тухайн тамирчны карьер, хувь заяа, амжилт шалтгаалдаг. Тэмцээн дэнсэлж буй шүүгч шударга, ёс зүйтэй байх ёстой. Нэг минут ч хүрэхгүй хоромд болж буй өрсөлдөөнийг шүүхдээ алдаа гаргахгүй байхыг ажил нь шаарддаг. Олон улс болон тив, дэлхийн тэмцээнд томилогдон ажиллаж буй шүүгчид Монголын түүх, нүүдэлчдийн амьдралыг их сонирхдог. Тэд сүүлийн үед манай улсыг Улаанбаатар хотоор илүү мэддэг болсон. Монголын тамирчид гэхээр “Та нар Улаанбаатараас ирсэн үү. Өвөл нь их хүйтэн гэсэн. Морио унадаг биз дээ” гэж асуудаг юм. Тэд монголчуудыг дэлхийн талыг мориор эзэлсэн Чингис хааны байлдан дагуулалтын түүхээр төсөөлдөг шиг санагддаг. Энэ ташрамд, эх орондоо ирэх жил зохион байгуулах ДАШТ-д оролцох тамирчид, тэмцээнийг дэнслэх шүүгч, бүх талаар дэмжин ажиллах Монголын масрестлингийн спортын холбооны удирдлагууд болон спортыг дэмжигч “SRP rising” группийн захирал С.Бэхтулга, Г.Солонго, “Энх хүдэр эрдэнэс” ХХК-ийн захирал Э.Хүдэрхүү, Архангай аймгийн БТСГ-ын дарга Р.Батболд нарт баярласнаа илэрхийлж, 2025 онд амжилт бүтээлээр арвин, аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.