Боловсролын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Эрүүл, аюулгүй сургууль” арга хэмжээ, түүний төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Үүний хүрээнд энэ хичээлийн жилийн нэг болон гуравдугаар улиралд нэгдүгээр ангийн сурагчдыг эрт илрүүлэгт хамруулахаар болсон билээ. Улсын хэмжээнд нийт 73 000 гаруй хүүхдийг нүд, шүд, зүрх, судасны эмчийн үзлэгт оруулах юм. Бие даалтын долоо хоногт амжиж зургаан настнуудыг эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр эрт илрүүлгийн үзлэгт хамруулж эхлээд байна. Энэ сарын 29-ний байдлаар хараа шалгах үзлэгийн мэдээллээ ерөнхий боловсролын 34 сургууль Eruulhuuhed.mn системд илгээжээ. Нийт 3191 сурагч эл үзлэгт хамрагдсанаас 1133 хүүхэд буюу 35.5 хувьд нь харааны ямар нэг өөрчлөлт илэрч, нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай болжээ.
Эрт илрүүлгийг зохион байгуулахаас эхлээд багачуудыг чирэгдүүлэх, хүлээлгэх, үзлэгийг дутуу дулимаг явуулах тохиолдол цөөнгүй гарч байна. Тоног төхөөрөмжгүй гэх шалтгаанаар зарим сургуулийн хүүхдийг зүрх, судасны үзлэгт хамруулаагүй гэнэ. Хэзээ хамруулах нь ч тодорхойгүй байгаа аж. Улс орон даяар өрнүүлсэн эрт илрүүлэг үзлэг ч төдийлөн үр дүнд хүрээгүй. Их хэмжээний хөрөнгө зарцуулсан ч иргэдийн эрүүл мэндийг тандаж, хүндрэлээс сэргийлж чадсан, эсэх нь тодорхойгүй үлдсэн. Үүн шиг багачуудыг эрт илрүүлэгт хамруулсан нэрээр үргүй зардал гаргаж, эл ажлыг оромдох вий.