Олон улсын аялал жуулчлалын орлого энэ оны эхний улиралд цар тахлын өмнөх түвшний 97 хувьд хүрсэн гэж НҮБ-ын Аялал жуулчлалын агентлагаас мэдээллээ. 2024 оны нэгдүгээр сараас гуравдугаар сард 285 сая гаруй жуулчин олон улсын хэмжээнд аялсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 20 хувиар өссөн, коронавирус “мэндлэхээс” өмнөх үе буюу 2019 оны түвшний 82 хувьд хүрсэн үзүүлэлт болжээ. Харин эл салбараас төвлөрүүлсэн орлогын хэмжээ 2019 оны мөн үеийнхээс гуравхан хувийн зөрүүтэй гарсан аж.
Дэлхийн аялал жуулчлалын хамгийн идэвхтэй бүсэд тооцогддог Европ тивд энэ хугацаанд зорчсон жуулчны тоо цар тахлын өмнөх үеийн үзүүлэлтийг анх удаа давж, нэг хувиар өссөн байна. Жуулчлалын үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд харьцангуй өндөр өсөлттэй байсан Ойрхи Дорнодын бүс нутгийг зоригсдын тоо 36 хувиар нэмэгдсэн нь мөн л дээд амжилт болжээ. Харин эдгээр бүс нутгийн орнуудтай харьцуулахад Ази, Номхон далайнх нь идэвхгүй, бүрэн сэргээгүй байгаа гэнэ. НҮБ-ын Аялал жуулчлалын агентлаг энэ жилийн нэгдүгээр улирлын тайландаа “2024 онд олон улсын жуулчлал бүрэн сэргэж, аялагчдын тоо цар тахлын өмнөх үеийн үзүүлэлтийг хоёроос дээш хувиар давна” хэмээн бичжээ.