Түрүүч нь №068 (8132) дугаарт энд дараад уншаарай
Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тамга нүүр болон бүх хуудсан дээр даржээ. Тамганы өнгө улаан хүрэн байна. Төлөөлж бичсэн хүмүүсийн нэрс байсан болов уу гэмээр сүүлийн хуудаснаас бага зэрэг дутуу нийтдээ найман хуудас нугалбар буй. Улаан шугамтай цаасан дээр хар өнгийн бийрээр, хуучин монголоор бичжээ. Архивын хадгаламжийн нэгжид орсон хуудас нь 511 332 гэсэн дугаар тавьсан байв.
Цэрэнпил гүнгийн захидлын хамт түүнтэй явсан Лувсанцэрэн хэмээх хүний нэрийн хуудас мөн тэнд хадгалагдаж байна. Өргөн нь 72 мм, өндөр нь 111 мм хэмжээтэй цагаан цаасан дээр хийсэн нэрийн хуудас байх бөгөөд үүн дээр “Халх Монгол Улсын төлөөлөгч түшмэл нэр Лувсанцэрэн Нийслэл хүрээнээ суумой” хэмээсэн үгүүдийг босоогоор нь монгол бичгээр бичсэн байв. Цэрэнпил гүнгийн бичгийн хамт дээрх нэрийн хуудаснаас гадна нэгэн томоохон бичиг дагалдуулан хүргүүлсэн байна. Тэрхүү бичгийн толгойд “Өргөн толилуулах нь, Монгол Улсын Олноо өргөгдсөний 11 дүгээр оны арваннэгдүгээр сараас эхлэн Ардын засагт хэмээх Улаан намын Оросын Москва хотноо хуралдсан Залуучуудын эвлэлийн хүмүүсийн зөвлөл хэлэлцсэн саналын хуулбар” хэмээн бичээд “Алс Дорнодын Хувьсгалт залуучуудын их хурлын газраас Жибэн, Хятад, Гууль, Монголын залуучуудад тунхаглан зарлах бичиг” хэмээх гарчигтай нийтдээ 60.5 нугалбар бүхий томоохон бичиг байна. Бичгийг муутуу маягийн улаан шугамтай цаасан дээр монгол үсгээр, хар өнгөтэй бэхээр бичсэн байна.
Энэхүү КИМ (Коммунистический Интернационал Молодёжи)-ээс гаргасан тунхаглан зарлах бичгийг Японы талд хүргүүлэхдээ залуучуудыг хордуулах бодлого бүхий ухуулах бичиг ирж буйг сэрэмжлүүлэх хэмээсэн зорилгоор хавсарган хүргүүлсэн бололтой. Цэрэнпил гүнгийн захидлын талаар Монголын түүх бичлэгт хэрхэн тэмдэглэсэн талаар хийгээд уг бичгийн гол агуулгын талаар товч өгүүлье. 1922 онд гүн Цэрэнпил болон бусад хүмүүс улс төрийн зорилгоор гадаадын зарим оронд хандсан явдлыг МАХН-ын албаны ёсны баримт бичиг, хувь хүмүүсийн бүтээлд 1924 оноос эхлэн тэмдэглэх болсон байна. Тухайлбал, 1923 оны долоодугаар сарын 18-нд хуралдсан Монгол Ардын Намын нэгдүгээр (хоёрдугаар-О.Б) их хуралд С.Буяннэмэхийн тавьсан Намын төв хорооны илтгэлд дурдахдаа: “зарим эзэрхэг ноёд ван, гүн, лам нар ... өөрсдийн эрх мэдлээ эгүүлэн олж, хуучин хэвээр харьяат монгол ардыг ноёлон дарлаж суух замаа олох учир Америк ба Алс Дорнод, Япон зэрэг эзэрхэг улсуудыг эрэлхийлэн очиж тусламжийг гуйлхийлэн явсан нь мөн ч үзэгдэж байсан бөлгөө” хэмээгээд уг хурлын баримт бичгийн эмхэтгэлийн тайлбарт эл өгүүлбэрийн талаар тайлбарлахдаа: “Япон Улсаас тусламж олох гэдэг нь Монголын том феодалуудын зарим хэсэг нь Япон Улсын ивээл хамгаалалтад орохоор эрмэлзэж, 1920 оны дунд үеэс Япон Улстай хэлхээ холбоо тогтоох, тусламж дэмжлэг олох, хэлэлцээ хийхээр арга хайж, есдүгээр сард хэдэн феодалыг Хятадад байсан Японы Консулын газарт нууцаар явуулж, тусламж гуйсан зэрэг явдлыг хэлж байгаа юм” хэмээн бичжээ.
1924 оны наймдугаар сард хуралдсан МАХНын гуравдугаар их хуралдаан дээр “Цэрэнпилийн урвасан хуйвалдаан” гэсэн бол 1925 онд ”МАХН-ын шашин шүтлэгийн тухай гол бодлого ба товч тогтоол” хэмээх баримт бичигт “Ардын засгийг устгахыг эрмэлзэн Япон ба Хятадын эзэрхэг харгисуудаас тусламж гуйлгаж, Ачит вангийн хошууны бичээч Цэрэнпилийг томилсон бөлгөө” гэсэн буй.
Магсар хурц Ардын Засгийн газрын Шүүх Төгсгөл. Түрүүч нь №068 (8132) дугаарт Японы Эзэн хаанд Монголын Эзэн хааны элч, гүн Цэрэнпилээс илгээсэн бичиг Цэрэнпил гүнтэй хамт Япон явсан Лувсанцэрэнгийн нэрийн хуудас яамны сайдаар 1922 оны эцэс хүртэл ажиллаж байгаад Цэрэнпил нарын хэдэн хүн тус улсын дорнод хязгаараар оргон гарах үед Шүүх яам мэдээгүй хариуцлага алдсан хэмээн ажлаасаа чөлөөлөгдөж, улмаар уг хэргийн учир 1923 онд шүүхэд татагдаж, МАХН-ын гишүүнээсээ хөөгдөн шоронд мөрдөгдөж байгаад хүндээр өвчилсөн учир ял хэлтэрсэн байдаг билээ. 1928 онд МАХН-ын Төв хорооноос эрхлэн хэвлүүлсэн нэгэн бүтээлд Г.Гэлэгсэнгэ болон Ч.Раднаабазар нарын бичсэн зүйлст дээрхтэй утга адил зүйлийг бичсэн. Цэрэнпил гүнгийн бичгийн талаар эрдэмтэн судлаач Э.Чимэдцэрэн абугай 1974 онд “Монголын феодалуудын нэгэн хуйвалдааны тухай шинэ баримт” нэртэй өгүүллийг МАХН-ын түүхийн асуудал хэмээх эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэлд хэвлүүлсэн байна. Түүнд өгүүлэхдээ: “Уг захидлын хуулбарыг Лидс хотын их сургуулийн монгол хэлний багш Онон Өргөнгөө 1970 онд бусад олон баримт бичгийн хуулбарын хамт Японы архиваас олж ирсэн ажээ” хэмээгээд “тэрхүү бичгийн дотор сүүлийн арав гаруй жилийн турш дахь Монгол орны улс төрийн түүхэнд холбогдох зарим үйл явдлыг цэвэр феодалын үзлээр дүгнэж бичсэн байна”.
“Монголын феодалуудад бошгийг халах аливаа суртал ерөөсөө таалагдахгүй байсан нь энэ захидлаас мэдэгдэж байна” гэх зэргээр тухайн үед үүнээс өөрөөр бичихгүй байсан болов уу хэмээсэн өнгө аясаар бичиж үлдээжээ. Энэ бол Цэрэнпил гүнгийн захидлын талаар Монголын олон түмэнд Их Британийн Лидсийн их сургуулиар дамжин ирсэн анхны шахам мэдээлэл байсан болов уу. Үнэхээр Цэрэнпил гүнгийн бичиг нь тухайн үеийн Монголын түүхэн үйл явдлуудыг дүгнэхэд тус болохуйц мэдээлэл өгөхөөс гадна эдүгээгийн өндөрлөгөөс үзвэл Цэрэнпил гүнгийн хэрэг хэмээн тухайн үедээ олон хүнийг хамруулан заримыг нь тухайн үедээ цаазалж, заримыг нь шорон гянданд хорьж, албан тушаалаас нь зайлуулж, мөнгөн торгууль оногдуулах зэргээр авсан арга хэмжээнүүд нь хэлмэгдүүлсэн хэрэг болсон хэмээхийг илтгэн харуулж буй гэж үзүүштэй. Цэрэнпил гүнгийн бичиг бол тухайн үеийн монголчуудын сэтгэлгээг ил тод харуулсан, Монголд өөрөөр сэтгэгчид олон байсныг илэрхийлсэн баримт яах аргагүй мөн юм.
МАХН-ын түүхэнд энэ тухай “1922 оны зун Японоос цэргийн тусламж гуйж, түүний дэмжлэгтэйгээр ардын засгийг устгах, феодалын хэмжээгүй эрхт засаг байгуулах зорилго бүхий цагаантны үлдэгдэл Цэрэнпилээр толгойлуулсан 30-аад хүний хувьсгалын эсэргүү хуйвалдааныг илрүүлэн устгав” хэмээн бичсэн бол БНМАУ-ын түүхэнд: “1923 онд Цэрэнпил Сэцэн хан аймгийн ачит ван Тогтохын хошууны бичээч хуурамч тамга үйлдэж, Монголын ноёд “ван гүн нар”ын нэрийн өмнөөс бичиг зохиож, түүнд хиймэл тамга дарж, ардын засгийг устгаж, феодалын байгууламжийг сэргээх зорилгоор Японоос тусламж гуйх гэж оролджээ” хэмээжээ. Эл хэрэгт оролцогчдын тоо 30 орчим хэмээн бичсэн байх бөгөөд баривчлагдан байцаагдсан хүмүүсийн тоо 25 бололтой байна. Байцаалт өгсөн тэдгээр хүмүүсийн өчиг мэдүүлэг хийгээд уг хэргийн талаар гаргасан комиссын санал дүгнэлтээс үзэх аваас Сэцэн хан, Засагт хан аймаг, Их Шавийн харьяалал оржээ. Эл хэрэгт тухайн үеийн засаг захиргааны нэгжүүдийн дийлэнх төлөөлөл оржээ хэмээн үзэж болохоор мэт. Нөгөөтэйгүүр, эл хэрэгт гүн, тайж зэрэг хэргэм зэрэгтэй тухайн үеийн бичиг цэргийн түшмэл хүмүүс, томоохон лам, төрийн сайд хүртэл хамрагдсан хэмээн үзэж болох мэт. Чухамдаа Японд хандан тусламж эрсэн эл бичгийг жирийн нэгэн хошууны бичээч санаач¬ лан бичсэн хэмээн дүгнэхэд арай л гоомой мэт санагдмой. Ийм том хэргийг хошууны нэгэн бичээч сэдэж, энэ нь ийм их өндөр авч болох байсан уу гэдгийг улам нарийвчлан судлууштай мэт. Дээр нь уг бичгийг зохиохдоо Япон улсын “Үндсэн хуулийг” ашигласан хэмээн мэдүүлснээс үзвээс багагүй боловсролтой мэт санагдмой. Ийнхүү мэдүүлсэнтэй нийлж буй нэгэн зүйл бол 1889 оны хоёрдугаар сарын 11нд тунхаглаж, 1890 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс 1947 оны тавдугаар сарын 3 хүртэл дагаж шийтгэсэн Япон Улсын Мэйжигийн Үндсэн хуультай харьцуулан үзвээс түүнтэй таарах зүйлс нэг бус байгааг Японы монголч эрдэмтэн, доктор Тачибана Макото нотолсон юм. Үүнд Цэрэнпилийн бичигт буй “Эзэн хааны гэгээн бие болбоос маш ариун бөгөөд халдаж үл болох” гэсэн хэсэг нь Японы Мэйжигийн Үндсэн хуулийн гуравдугаар зүйлтэй таарч буй бол уг бичигт буй “Их улсын тэргүүн ... эрхүүдийг хэрэглэдэг” гэсэн хэсэг нь уг Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлтэй нийлж байгаа болно. Эл хэрэгт Сэцэн хан аймгийнхан, түүний дотор тус аймгийн Ачит вангийн хошууны албан тушаалтнууд түлхүү оролцсон нь мэдэгдэж буй бөгөөд үүний учир юунд байв хэмээхийг нарийвчлан судлууштай. Уг хэрэгт Сэцэн хан аймгийн Ачит ван Тогтохын хошуу, Жонон ван Цогбадрахын хошуу, Сэргэлэн гүнгийн хошуу, Засагт хан аймаг Ялгуусан хутагтын шавь, Их Шавийн дарга Самбуугийн отог, Мэргэн бандида, Жаргалант отог, Чиндор отог, Дарга Гонгорын отог зэрэг хамрагджээ. Хэргийн явцаас үзэх аваас, Сэцэн хан аймгийн Ачит ван Тогтохын хошууны бичээч Цэрэнпил бээр Нийслэл хүрээнээ ирж, нэгэн хошууны Дампилынд хөлсөөр сууж байхдаа үүсгэсэн хэрэг ажээ. 1922 оны эхээр Ардын засгийн газрын анхны Ерөнхий сайд асан Догсомын Бодоо тэргүүтэй хэсэг хүн баривчлагджээ. Тун удалгүй 1922 оны долоодугаар сарын 3-нд Дотоодыг хамгаалах газар хэмээх улсын аюулаас хамгаалах байгууллага гарч ирэв. Дотоодыг хамгаалах газраас Бодоо нарын хүмүүсээс өчиг мэдүүлэг авч, улмаар тэдгээр Бодоо тэргүүтэй 15 хүнийг “хуучин харгис ёсыг сэргээхийн төлөө” тэмцсэн хэмээн буруушааж, 1922 оны наймдугаар сарын 30-ны үүрээр буудан алсан билээ. Орон гарсан Ерөнхий сайдын тушаалд Жалханз хутагт Дамдинбазар томилогджээ. Цаг хугацааны хувьд тун ойрхон болж байгаа эдгээр үйл явдлуудын дараа Цэрэнпилийн хэрэг дэгджээ.
Уг нь Цэрэнпилийн гадаадаас тусламж эрэх санаа 1922 оны хавар илэрч гарсан нь Дампилын өчиг мэдүүлгээс харагдана. Өөрөөр хэлбэл, Цэрэнпил болон түүнтэй санаа нийлж, Японд хандан захиа бичсэн хүмүүс уг санааг анхлан гаргасан хүмүүсээ нууц байлгаж, өөрсдөө золигт гарсан болов уу хэмээх сэтгэгдэл төрж байна. Түүнээс биш, хошууны хэн нэгэн бичээч Японы Үндсэн хуулийг уншаад Шүүх яамнаас чөлөө аваад л хаашаа ч юм яваад байгаа нь тун бүрхэг асуудал болой. Түүнчлэн Дампилын өчигт буй Цэрэнпил, Луузан, Балдан нар хамт зөвлөлдөн “Цэрэнпил Жапанд өгөх бичгийн эхийг мөнхүү улсын Үндсэн хуулиас эш татан зохиож, манай хошууны тайж Лхамжаваар засуулаад Дампил надаар оточ Сэрээнэнд хэлүүлж, дээр сонсгуулахаар тогтсон” хэмээсэн болон Балдангийн өчигт буй “Цэрэнпил миний гэрт ирээд хоёул Жапан улсад очиж тусламж хамгаалал олоод Ардын засгийг устгаж, эзэрхэг засаг байгуулъя аа. Чи энэ учрыг оточ Сэрээнэнгээр Богдод сонсгуулму” хэмээсэн зэрэг нь уг хэргийг үүсгэсэн хүмүүс энэ талаараа Богдод сонордуулахыг зорьж, таалал эрж байсан нь илт байна. Цэрэнпил юуны учир Ардын засагт дургүй болж, уг хэргийг сэдэж санаачлах сэдэв олсон бэ гэдэг нь тун ойлгомжгүй байгаа юм. Уг хэрэгт баривчлагдан өчиг мэдүүлэг өгсөн 25 хү¬ ний байцаалтын материалаас үзэхэд энэ асуудал тун бүрхэг байгаа болно.
Цэрэнпилийн бичиг нь монголчуудаас гадагш тусламж эрж илгээсэн анхны тохиолдол биш бөгөөд зөвхөн 1921 оны дараа л гэхэд Мэргэн Бадарч буюу Лувсаннархажид эхлээд Японы талын хэн нэгэнд хандан (консул ч байж мэднэ) захидал явуулж тусламж хүссэн бололтой. Гэтэл тэрхүү хүн нь түүнийг албан бичигтэй ир гэсэн бололтой. Тэгэхээр Довчин ламд хэлэхэд Довчин лам өөрийнхөө нэрээр тусламж гуйсан бичиг өгч Нархажидаар явуулаад байсан шиг. Үүний дараа Цэрэнпил Довчин ламынд очиж Японд одож тусламж гуйх тухайгаа хэлэхэд тэрээр Нархажид явсан чи түүний араас очиж нийл хэмээн хэлжээ. Цэрэнпил Довчин ламынд очдог нь Японд тэр хүмүүс хандсан талаар мэдээлэл сонссон байсан хэрэг байх. Мөн түүнчлэн Манзушир хутагт Цэрэндорж эхлээд дэмжиж даасан боловч хэрэг илрэх болзошгүй болмогц дээш нь гэрчлэн мэдүүлснээс Засгийн газар сандарчээ хэмээн үзэж болохоор байна. Улмаар Засгийн газраас Д.Сүхбаатарыг Дорнод хязгаарт томилон одуулж, Хязгаарын сайд Алтангэрэл, Гончигдаш нартай уулзаж, Цэрэнпил нарыг хил нэвтрүүлж огт болохгүй хэмээсэн хатуу даалгавар өгсөн бололтой. Гэтэл Цэрэнпил нар аль хэдийн хил нэвтэрсэн байсан тул Д.Сүхбаатар Алтангэрэл, Гончигдаш нарыг баривчлуулахаар Х.Чойбалсан, С.Загд хоёрыг томилж, гэвч өөрөө удалгүй таалал болжээ. Үүний дараа Засгийн газрын радиограммаар Цэрэнпил нарын тухай сэрэмжлүүлэг гаргаж зарлаж. Лам, тайж, хэргэм зэрэгтэн, тухайн үеийн сэхээтэн, ноёд гээд олон давхаргын төлөөлөл оролцсон “Цэрэнпилийн бичиг” зэрэг эзэн хаант засгаа эргүүлэн босгох зорилгоор гадагш хандсан, эсвэл Ардын засгийг эсэргүүцсэн үйл ажиллагаа тухайн үед нэг бус удаа гарч байсан нь түүхэнд мөрөө үлдээжээ. Энэ бүхнийг иж бүрнээр судалж, түүхийн хуудаснаа үнэн мөнөөр нь тавиуштай болохыг тэмдэглэж байна.
Түүхч, доктор О.Батсайхан