Их Британи улс Монгол улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой ирэх 2018 онд тохиох юм. Энэ үүднээс ЭСЯ хоёр дахь жилдээ ‘’Inspire Me Festival’’ боловсрол, соёлын өдөрлөгийг 9-р сарын 23, 24-нд Гэрэлт гудамжинд зохион байгуулах гэж байна.
Энэ жил тус өдөрлөг нь Британийн боловсролын салбарыг онцолж байгаа ба энэ өдрүүдэд хүрэлцэн ирсэн хүмүүс тухайн улсын соёл, урлаг, аялал жуулчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авна. Британийн их дээд сургуулиудад хэрхэн элсэн орох, Засгийн газрын ‘’Chevening’’ тэтгэлэгт хэрхэн хамрагдах зэрэг олон чухал зөвлөгөөг үнэ төлбөргүй авах боломжтой юм.
Монгол улсад суугаа Британийн Элчин сайд хатагтай Катрин Арнолд Британийн боловсролын талаар ‘’ Кэмбридж, Оксфордын их сургуулиуд нь дэлхийд эрэмбээрээ нэг хоёроор жагсаж байгаа нь Британи улсын боловсролын чанарыг харуулж байна. Британи улсад сурахад үнэтэй гэсэн ташаа ойлголт байдаг. Гэвч бакалаврын зэргийг 4 биш 3 жилд, магистрын зэргийг 2 биш 1 жилд эзэмших боломжтой байдаг нь цаг хугацаа, төлбөр, зардал зэргийг хэмнэж байгаа юм. Британи улсын боловсролын систем нь танд мэдлэг өгөхөөс гадна хэрхэн аливааг олон талаас харах, бүтээлч байх, өөрийн боломжийг нээн илрүүлэх зэрэг чадварыг олгодог. Эдгээр мэдлэг, чадварыг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Британийн боловсролын байгууллагууд ч олгоно. Эх орондоо эзэмшсэн боловсрол маань олон хаалгыг нээн өгч Иракаас Лондон хүртэл ажиллах бололцоог олгосон’’ хэмээн онцлов.
Inspire Me Festival-н үйл ажиллагаанаас дурдвал:
- Study UK, Nogoon Jade байгууллагууд Их Британид сурах боломжийн талаар зөвлөгөө мэдээлэл
- ESP байгууллаг хэрхэн IELTS-н шалгалт өгөх талаар мэдээлэл
- Британийн хоолны соёлын арга хэмжээ
- Англи номын үзэсгэлэн худалдаа
- Чивнинг тэтгэлгийн мэдээлэл
- ‘’Хаадын Тоглоом’’ киноны булан
- Рагби, крикет спортын булан
- Lemons хамтлаг, ‘’BBC Кардиффын Дэлхийн Дуучин 2017’’ тэмцээний оролцогч дуурийн дуучин Б.Батжаргал нар ая дуугаа өргөнө.
- ‘’English School of Mongolia’’-д хэрхэн хүүхдээ сургах талаар мэдээлэл
- ‘’Британийн хамтлаг дуучдын дууг хэн сайн дуулах вэ’’ шагналт тэмцээн
Британийн соёл, боловсролтой холбоотой үйл ажиллагаанууд 12:00-18:00 цагийн хооронд үргэлжилнэ.