Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн наймдугаар сарын байдлыг өчигдөр танилцууллаа. Энэ удаад төсвийн орлого төлөвлөснөөс 25.4 хувиар давж биелсэн нь анхаарал татав. Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ оны эхний найман сард 4.5 их наяд төгрөгт хүрчээ. Тэгвэл төсвийн зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ таван их наяд төгрөг болсон байна.
Ингэснээр төсөв 577 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Үүнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 1.2 их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлт аж. Төсвийн орлого төлөвлөснөөс 904 тэрбум төгрөгөөр даван биелж, зарлага нь 326 тэрбумаар буурсан нь алдагдлыг ийнхүү багасгажээ.
Татварын орлого 3.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 764 тэрбум төгрөгөөр өссөн байна. Онцгой албан татварын орлого 131 тэрбум төгрөгөөр буурсан ч орлогын албан татвар 339, нэмэгдсэн өртгийн албан татвар 309.5, гадаад үйл ажиллагааных 134, нийгмийн даатгалын орлого 52 тэрбумаар өссөн нь үүнд голлон нөлөөлжээ. Улсын нэгдсэн төсвийн орлогын 79.6 хувийг татвар, 12-ыг татварын бус, 4.8-ыг Тогтворжуулалтын сан, 3.6-г Ирээдүйн өв сангийн орлого бүрдүүлсэн гэнэ.