Монголын хууль тогтоомжийн нийгэмлэг ТББ, Япон сан, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуультай хамтран есдүгээр сарын 16-ны өдөр “Монгол Улс, Япон улсын хууль тогтоомжийн хөгжил: Худалдаа (арилжаа)-ны эрх зүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна.
Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд тулгуурлан хөгжиж буй өнөө цаг үед “Худалдаа (арилжаа)-ны төрөлжсөн хууль”-ийн ач холбогдол, эдийн засагт гүйцэтгэх чиг үүргийг нь судлах зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 1899 онд батлагдан өнөөг хүртэл үйлчилж буй Япон Улсын Худалдаа (арилжаа)-ны төрөлжсөн хуулийн онцлог, Иргэний хууль болон бусад хуультай уялдах байдал, түүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, шүүхийн практикийн талаар Япон улсын их сургуулийн профессор, өмгөөлөгч нар илтгэл тавина.
Мөн Монгол Улсын Иргэний хууль дахь аж ахуй эрхлэгчийн тухай ойлголт, шүүхийн практикийн талаар судлаачид илтгэл хэлэлцүүлнэ. Түүнчлэн худалдааны үйл ажиллагаатай холбогдох Монгол, Япон улсын компани, дампуурал, өрсөлдөөн, бүртгэлийн эрх зүйн зохицуулалтын талаар илтгэл хэлэлцүүлэх юм.