Оюутныг хариуцлагатай, төлбөрийн дарамтгүй суралцах нөхцөлөөр хангахын тулд Засгийн газрын 111 дүгээр тогтоол гаргаж Оюутны хөгжлийн зээл олгож эхэлсэн. Энэ хичээлийн жил зээлийн нөхцөлд багагүй өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, зөвхөн бакалаврын ангийн оюутнуудад зээл олгодог байсан бол магистр, докторын ангийн суралцагчдад энэ боломж нээгджээ.
18 нас хүрээгүй бол зээл авах боломжгүй гэсэн заалтыг өөрчилж, нас харгалзахгүй өгөхөөр болов. Хамтран зээлдэгч нь зөвхөн тухайн оюутны гэр бүлийн гишүүн байх шаардлагагүй, эрх зүйн чадамжтай Монгол Улсын иргэн байж болох гэнэ. Харьяалал хамаарахгүй аль ч банкинд хүсэлт гаргах боломжтойгоос гадна малчин өрхийн суралцагч Оюутны хөгжлийн зээл авах боломж бүрдсэн байна.
Бүрдүүлэх материалын хувьд олон бичиг баримт шаарддаг байсан бол энэ жилээс иргэний үнэмлэх, сургалтын төлбөрийн нэхэмжлэх, банкны зүгээс шаардсан материалуудыг бүрдүүлэх ёстой гэдгийг Боловсролын зээлийн албаны мэргэжилтэн Б.Зоригоо хэллээ.