Харааны бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгодгоороо улсдаа анхдагч гэгддэг 116 дугаар тусгай сургууль 1963 онд байгуулагдсан. Тус сургуульд энэ хичээлийн жилд 311 хүүхэд суралцахаас 17 нь нэгдүгээр ангийнх. Сурагчдын 64 хувь нь сул буюу үлдэгдэл хараатай, бусад нь бүрэн хараагүй юм байна. Үүнээс болоод хичээлээ бүрэн ойлгохгүй, хоцрох тохиолдол байнга гардаг гэнэ.
Түүнчлэн ийм бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, дэмжих бодлого, ээлтэй орчин дутагддагийг эл сургуулийн багш нар онцлов. Харин энэ хичээлийн жилд 116 дугаар тусгай сургуулийнхан харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай кабинеттэй болжээ. Сурагчдыг хөдөлгөөн, орон зайн чиг баримжаатай болгох зорилготой энэ танхимыг Австралийн ЭСЯ-ны санаачилгаар 25 сая төгрөгөөр тохижуулсан байна.
Энэ нь хүүхдүүдийг орон зайн мэдрэмжтэй болгоод зогсохгүй ахуйн дадал хэвшил олгох, чадвар эзэмшүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж буй юм. Дашрамд дуулгахад, “Боловсролын цонх нээлттэй мэдээллийн төв” ТББ-ынхан Австралийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр тус сургуулийн 23 ангийн самбарыг сольж, сурагч бүрийг ширээний гэрэлтэй болгожээ.