Засгийн газар үнэт цаасны “Frontier securities” компанитай хамтран зохион байгуулж буй “Invest Mongolia-2017” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт “Шангри-Ла” зочид буудалд өчигдөр эхэллээ. “Frontier securities” компанийн гүйцэтгэх захирал Маса Игата “Бодит бус, боломжгүй төслүүдийн талаар хэлэлцэх нь цагийн гарз. Тиймээс бид хамгийн бодитой төсөл, хөтөлбөрүүдийг сонгон хэлэлцдэг” гэж чуулга уулзалтыг тодорхойлов.
Энэ удаагийн “Invest Mongolia” чуулга уулзалтаар Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн ач холбогдол, Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх таатай орчныг бүрдүүлж байгаа эсэх, “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын үйл явц, эдийн засагт үзүүлэх нөлөө, сэргэж буй нүүрсний экспорт, ногоон санхүүжилт, уул уурхайгаас бусад салбарын хөгжил, бондын зах зээлийн хэтийн төлөв зэрэг сэдвийг сонгон хэлэлцэж байна.
Чуулга уулзалтын үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар Засгийн газрын авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулсан юм. Засгийн газраас Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж, түүнийг даргаар нь томилжээ.
Дэлхийн банк 2016 онд гадаад, дотоодын 33 аж ахуйн нэгжийн дунд төрийн байгууллагуудын гомдол шийдвэрлэсэн байдал, хэрэгжилтийн талаар судалгаа хийсэн аж. Ингэхэд “маш тааруу” гэж үнэлсэн байна. Үүний улмаас 1.9 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт эрсдэлтэйд тооцогдсон гэнэ. Энэ нь хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, тулгамдсан асуудлыг нь зохицуулах үр дүнтэй арга, механизм байхгүйтэй холбоотой гэж Засгийн газар үзжээ. Тиймээс Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан гэнэ. Хөлын хүрээнд журмын төслүүд боловсруулж, хуулийн зөрчил, давхардал, хийдлийг арилгаж байгаа аж.
Түүнчлэн хуульд нийцээгүй шийдвэрийг хүчингүй болгох, гадаадын иргэдэд тавьсан хилийн хоригийг цуцлах, зөвшөөрөл, лиценз олгох шат дамжлагыг цөөрүүлэх, тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, төрийн байгууллага, албан хаагч нар хүнд суртал гаргаж, хөрөнгө оруулагчдад дарамт шахалт үзүүлэхийг хориглох арга хэмжээ авч эхэлснийг Ж.Мөнхбат дуулгав.
Мөн энэ үеэр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа “Чингис” бондыг дахин санхүүжүүлэх хэлэлцээр зогсож, дефолт зарлахад ойрхон байгааг сануулав. Уг бондын 1.5 тэрбум ам.долларын 500 саяыг 2018 оны эхээр төлөх товтой. Гэвч УИХ-ын зарим гишүүн Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг өргөн мэдүүлснээр бондыг дахин санхүүжүүлэх хэлэлцээр зогссон. Засгийн газар хөрөнгө оруулагчдаас зээл авч, “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг дарахаар зэхэж байсан нь ийн талаар болсон билээ. Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсны дараа “Чингис” бондын хүү 17 хувьд хүрч өсөөд байна.
“Invest Mongolia” чуулга уулзалтад “Нэпко” хэвлэлийн компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, нийтлэлч Баабар оролцож, “Төлөвшихөд бидэнд дахиад олон жил хэрэгтэй” гэсэн илтгэл тавьсан нь олны анхаарлыг татав. Тэрбээр “Байгалийн баялагтай, хоцрогдсон оронд хөрөнгө оруулна гэдэг маш эрсдэлтэй алхам. Үүний жишээ дэндүү элбэг, дэндүү тодорхой. Ийм нийгэмд нэр хүндтэй, арвин туршлагатай, шударгаар өрсөлддөг компани орж ирдэггүй, орж ирсэн ч нэг удаа алдаад, дахиж шагайдаггүй.
Харин элдэв заль мэхтэн, хуурамч нэр зүүгчид ханддаг нь коммунизмын задралын дараах бүхий л орнуудад элбэг харагдаж байлаа. Сүүлийн хориод жилийн туршлагаас харахад Монгол Улс хөрөнгө оруулахад нэн аюултай, эрсдэлтэй орон гэдгээ харуулсан. Эндээс нэг бус гадаадын хөрөнгө оруулагч маш их хохирол амсаад гарсан. Энэ байдал лавтай ойрын 10-15 жилд засрахгүй.
Монголд хөрөнгө оруулж болох ганцхан салбар буй нь уул уурхай. Бидэнд гадагш зарах өөр юу ч байхгүй. Хивс, мах, гэр, ноолуур, сүүлний тосон саван, жамц давс гээд тоолж болох авч үүний бүх нийлбэр нь үнэ цэнэтэй ганц уурхайн энд хүрэхгүй” гэсэн юм. Баабар “Монгол Улс монгол үндэстэн мандан бадрах болно. Гэхдээ өнөө маргаашдаа биш. Үүнд доор хаяхад дараагийн 27 жил хэрэгтэй. Иргэншсэн залуу үе нийгмийн удирдлагад гаргахад бидэнд нэлээд олон жилийн туршлага зүтгэл, хичээл, тэвчээр шаардлагатай” гэж нэмж хэлэв. 11 дэх удаагаа уламжлал болгон зохион байгуулж буй “Invest Mongolia” чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө.