Монгол Улсын Их Сургууль 75 дахь хичээлийн жилээ угтаж буйг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын агентлагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Хичээлийн шинэ жилийн нээлтэд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар ирж 25 сая ам.долларыг МУИС-ийн хичээлийн VI байрыг тохижуулах ажилд өгөв. Мөн Архивын ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар, Үндэсний хөгжлийн газруудтай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар “МУИС нь өнгөрсөн 75 жилийн хугацаанд 200 мянга гаруй боловсон хүчнийг бэлтгэжээ. Бид Засгийн Газрын агентлагуудтай хамтран ажилласнаар талуудын хөгжил дэвшилд шаардлагатай хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, ажилтны чадавхыг бэхжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, мэдлэг, инноваци, өндөр технологид суурилсан сургалтад хамруулах, хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэх болон суралцагсдын практик сургалт, судалгааны ажлын орчин бүрдүүлэх, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой” гэв.
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “Монгол Улсын хэмжээнд нийт төрийн хаагчдын тавь гаруй хувь нь МУИС-ийг төгссөн байдаг. Манай ажилчдын мөн 60 хувь энэхүү сургуулийг төгссөн. Бид цаашдаа илүү судалгаа шинжилгээнд суурилсан, хүндээ хүрсэн ажил өрнүүлэхэд хамтын ажиллагааны үнэ цэнэ оршино гэж харж байна” гэв.