Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хулын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 47 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож багш сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “2017 онд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10 сургууль, сургуулийн өргөтгөл шинээр ашиглалтад орж 7480 суудал, төрийн бус өмчийн 11 сургуульд 3200 суудал ашиглалтад орсноор нийт 10680 суудлын хүчин чадал шинээр нэмэгдлээ.
“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөрийн хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, сургалтын орчныг сайжруулах, чадварлаг боловсон хүчнээр хангах, удирдах ажилтан, багш нарын ажлын хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэх зорилтыг тодорхойлж “Багшийн ёс зүй, харилцаа" сургалтыг заах 345 сургагч багшийг бэлтгэн 13000 багшид уг сургалтыг зохион байгуулсан. Ингэснээр боловсролын салбарын багш ажилтны ажлын хариуцлага дээшилж ёс зүйн зөрчил, доголдлоос урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлж байна.
"Бүрэн дунд боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй"-г эзэмшүүлэх үндэсний сургагч багш 72, нийслэлийн сургагч багш 327 –ийг бэлтгэн ахлах ангийн 1900 багшийг сургалтад хамруулснаар ахлах ангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдлаа. Мөн 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 146295 хүүхэд байна. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 227, төрийн бус өмчийн 443, нийт 670 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 113597 хүүхэд хамрагдаж, хамран сургалт 77,6 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар хамран сургалт өссөн үзүүлэлт билээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах 2 настай хүүхдийн бүртгэлийг онлайнаар бүртгэн элсэлтийг цахимаар санамсаргүй түүврийн аргаар ил тод, нээлтэй байдлаар эцэг эхчүүдийн оролцоотой зохион байгуулсан. "Цахим бүртгэл"-д бүртгүүлбэл зохих нийт 39347 хүүхдийн 60 орчим хувь нь буюу 22607 нь хамрагдсан. Бүртгэлд хамрагдсан нийт хүүхдийн 47 хувь буюу 10623 хүүхдийг цахимаар элсүүлээд байна” хэмээлээ.
2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 136, төрийн бус өмчийн 105, нийт 241 сургуульд нийт 249593 суралцагч хамрагдана. Шинээр 1 дүгээр ангид 31110 орчим хүүхэд элсэн суралцахаар бүртгэгдээд байна. Мөн энэ хичээлийн жилд 3 ээлжээр хичээллэж буй сургуулийн тоо 3-аар буурлаа.