ЕБС-ийн багш нар цалингаа нэмэхийг шаардаж, энэ сарын 10-нд Засгийн газарт шаардлага хүргүүлсэн билээ. Түүнээс хойш удаа дараа жагсаал зохион байгуулж, тодорхой хариу өгөхгүй бол ажил хаяхаа мэдэгдсэн юм. Тэгвэл өчигдөр БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар “Багшийн цалин нэмэх түр хороо”-ны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.
Энэ үеэр сайд Г.Чулуунбаатар УИХ-ын намрын чуулганаар багшийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц болон цалинг үнэлэх журмыг өөрчлөх төслийг хэлэлцүүлэхээр болсноо хэлэв. Тэрбээр “Өнөө жилийг багшийн хөгжлийн төлөөх уриатай болгохоор төлөвлөж буй. Багш нарын суурь цалинг нэмэх шаардлагыг дэмжиж байгаа. Эрх мэдлийнхээ хүрээнд хэрэгжүүлж болох бүхнийг хийнэ. Гэвч улсын эдийн засгийн өнөөгийн байдал сайнгүй, ОУВС-гаас дэмжлэг авсан учир шаардлагад тусгасан 1.6 сая төгрөгийн цалинг олгох боломж хомс байна. Багш нар маань үүнийг ойлгож, хичээлийн шинэ жилээ өмнөх онуудын адил баяр хөөртэй эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Багш нарын хүргүүлсэн шаардлагын дагуу БСШУСЯ, ХНХЯ болон Сангийн яамнаас хамтарсан ажлын хэсэг гарч, цалинг нэмэх бололцоог судалж эхэлжээ. Үр дүнг нь Засгийн газарт танилцуулж, арга хэмжээ авахуулах гэнэ.