Нийслэлд төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх хүүхдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулсан билээ. Нэг сарын хугацаанд үргэлжилсэн уг бүртгэлд хоёр настай 39400 орчим хүүхэд хамрагдах ёстой байсны 22600 нь бүртгүүлж амжжээ. Тэдгээрийн 11000 нь цэцэрлэгт орно.
Өнгөрсөн баасан гаригийн 10.00 цагт нийслэл даяар нэгэн зэрэг цахим сугалаа явуулсан бөгөөд нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн тус бүр нэг цэцэрлэгт сугалааны явцыг эцэг, эхчүүдэд дэлгэцээр шууд харуулсан юм. Бид Сүхбаатар дүүргийн 42 дугаар цэцэрлэгт очлоо. Хоёр настай хүүхдээ бүртгүүлсэн эцэг, эхчүүд сугалаа хэр үнэн зөв явагдаж буйг харахаар цуглажээ. Цэцэрлэгийн бүртгэл явагдсан tsetserleg.ulaanbaatar.mn программ хүүхдүүдийг санамсаргүй байдлаар сонгож байлаа.
Уг үйл явцыг нийслэлийн Мэдээлэл технологийн газрынхан болон ТЕГ давхар хянасан учраас ямар нэгэн маргаан, үл ойлголцол гараагүй. Хүүхэд нь тэнцсэн, үгүйг эцэг, эхийнх нь гар утсанд шууд мэдээллээ.
Нийслэлийн 42 дугаар цэцэрлэгт энэ жил хоёр настай 60 хүүхэд авах нормтой ч 72 хүүхэд бүртгүүлсэн аж. Тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Цэрэндолгор “Манай цэцэрлэг А, Б, В гэсэн гурван барилга, 12 бүлэгт 300 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Цахим сугалаанд сонгогдоогүй үлдсэн 10 хүүхдийг эцэг, эх нь хүсэлт гаргавал элсүүлж болох байх” гэж ярилаа.
Нийслэлийн Боловсролын газрын дарга З.Гантулга “Энэ жил төрийн өмчийн 227, төрийн бус өмчийн 437 цэцэрлэг үйл ажиллагаа явуулна. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд шинээр барьсан цэцэрлэгүүдэд 4000 орчим ор гаргасан нь хамрагдах хүүхдийн тоог 77.6 хувьд хүргэх төлөвтэй байна. Цаана нь үлдэх хүүхдүүдийг тоолгүй орхихгүй. Тухайлбал, хувилбарт сургалтын аргуудыг хэрэглэхээр зорьж байна.
Өнгөрсөн жил Налайх, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд зайнаас сургах хөтөлбөр хэрэгжүүлж, сургалтын материал, гарын авлагыг эцэг, эхчүүдэд нь тараан, багш нар хичээлийн явцтай нь танилцсанаас гадна зурагтаар контентийг шууд дамжуулсан нь үр дүнтэй болсон. Тиймээс энэ жил үргэлжлүүлнэ. Түүнчлэн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээж авч, түргэн шуурхай шийдвэрлэн, байгууллагын дэргэдэх болон гэр цэцэрлэгийг дэмжинэ” гэв.
Энэ жил хувийн цэцэрлэгт 3000 орчим сул орон тоо гарах төлөвтэй. Тэдний хувьсах зардлыг төрөөс даах гэнэ.