Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын монгол судлалын холбоо, Япон улсын Токиогийн Гадаад судлалын их сургууль, “Монгол газар нутгийн нэр судлалын нийгэмлэг” хамтран “Монголын газрын зураг, газрын нэр судлал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр зохион байгуулав.
Тус хурал нь олон улсад хэвлэгдэн гарсан Монголын газрын зургууд, тэдгээрт туссан газар зүйн болон ахуй, шашин шүтлэг, зан үйлийн холбогдолтой нэрийн тайлал, утга зүйн судалгаа хийх, газрын зургийн цаашдын судалгааны цар хүрээг өргөжүүлэхэд эрдэмтдийн анхаарал, хүчин чармайлтыг нэгтгэхэд чиглэж буйгаараа онцлог юм.
Дөрөв дэх удаагийн хуралд МУИС, МУБИС, “Ховд” их сургууль, Өвөрмонголын Сурган хүмүүжлийн хэвлэлийн хороо, ОХУ-ын Буриадын их сургууль зэрэг таван орны 12 байгууллагын 30 гаруй эрдэмтэн судлаач оролцож, судалгааны үр дүнгээ танилцууллаа.
Тухайлбал, Японы эрдэмтэн Х.Фүтаки “Японы жанжин штабын хэвлүүлсэн Ар Монголын газрын зургийн тухай”, О.Одбаяр “Улаанбаатар хотын анхны газрын зураг 1928 он”, Б.Ж.Бадагаров “Монголчуудын мөргөлчний газрын зургийн тухай” зэрэг илтгэл тавьсан юм. Сонирхуулахад, Архивын ерөнхий газраас өнөөдөр “Газар-Улсын үндэс” үзэсгэлэн гаргаж, Үндэсний Төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй газрын зургуудаас сонирхуулах аж.