Засгийн газраас Дэлхийн банктай байгуулсан санхүүжилтийн хэлэлцээрийн дагуу уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн экспортын чадавхыг бэхжүүлэх, гадаад зах зээлд нэвтрэх боломжийг нь нэмэгдүүлэх зорилготой “Экспортыг дэмжих төсөл” хэрэгжүүлэхээр болсон. Энэ төсөлд хамрагдах боломж нээгдсэнийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өчигдөр зарлалаа.
Уг төслийн хүрээнд гадаад зах зээлд нэвтрэх, экспортын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгож хөгжүүлэхийн тулд бизнесийн стратеги төлөвлөлт, үйлдвэрлэлийн менежментийн шинэчлэл хийх, чанарын гэрчилгээ авах зэрэгт зарцуулсан хөрөнгийнх нь 50 хувийг буцалтгүй тусламж хэлбэрээр нөхөж олгох аж.
Нэг аж ахуйн нэгжид олгох санхүүгийн дэмжлэгийн дээд хэмжээ нь 100 мянган ам.доллар байх гэнэ. Төсөлд хамрагдах аж ахуйн нэгж сүүлийн хоёр жилийн турш тогтмол үйл ажиллагаа эрхэлсэн, борлуулалтын орлого нь хоёр жилд тус бүр 10 мянгаас гурван сая ам.долларт хүрсэн, ашигтай ажилласан шалгуурыг хангасан байх юм байна.
Түүнчлэн төслийн хүрээнд экспортын шинэ төрлийн даатгалын бүтээгдэхүүнийг судлахаас гадна гадаад худалдаа эрхлэгчдэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл олгох сургалтын хөтөлбөр боловсруулах зэрэг ажил эхлүүлжээ. Төсөл дөрвөн жил таван сарын хугацаанд хэрэгжих гэнэ.