Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл доор ГХЯ, БСШУСЯ, ХНХЯ, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”, “Оюутан залуучуудын холбоо” хамтран оюутан залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор энэ сарын 21-23-нд Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын анхдугаар чуулга уулзалт зохион байгуулж байна.
Энэ чуулга уулзалтад ОХУ, БНХАУ, АНУ, БНСУ, Австрали, Канад, Англи, Япон, Тайвань, Хонконг, Герман зэрэг 24 оронд сурч ажилладаг оюутнуудын төлөөлөл оролцож буй. Тэд өчигдөр оюутнуудад тулгамдсан олон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж санал бодол, байр сууриа холбогдох байгууллагынханд илэрхийлсэн. Хэлэлцүүлгийн үр дүнг өнөөдөр Төрийн ордонд болох хуралдаанаар хэлэлцэж, цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө гаргах аж.
“Гадаадад сурч буй залуус эх орныхоо биет сурталчилгаа болдог. Бусад орны залуучуудаас дутахгүйгээр дэлхийн өндөр шалгууртай их, дээд сургуулиудад суралцан улсынхаа нэрийг гаргаж байна. Залуучуудын хувьд илүү их санаачилгатай, мэдээлэлтэй, судалгаатай байж чадвал өргөн хүрээнд улсынхаа өв уламжлал, түүх соёлыг сурталчлах бололцоо нээлттэй” хэмээн ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг ярьсан юм.
“Гадаадад сурч буй оюутнуудын хувьд гэрчилгээ, диплом зэрэг хувийн бичиг баримтаа олон улсын нотариатаар заавал баталгаажуулах шаардлага тулгардаг, мөн ямар мэргэжлээр сурахаас хамааран визийн хөнгөлөлт авахад хүндрэлтэй байдаг гэхчлэн багагүй асуудал үүсдэг” хэмээн оюутнууд онцоллоо. Мөн “Өндөр боловсрол эзэмшсэн залуус тухайн орондоо суурьшиж үлдэх хандлага ихсэж байна.
Тэднийг эх орондоо татах бодлогыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-өөс хичээн ажиллах болно” хэмээн тус ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, Оюутан залуучуудын хорооны дарга Б.Энхгэрэл ярилаа.