Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгддэг ч ямар үндэслэлтэй нь тодорхой бус байдаг. Энэ жил ч төлбөр нэмэгджээ. “БСШУС-ын сайд төрийн өмчит бүх их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг нэмэхгүй байх үүрэг, чиглэлийг удирдлагуудад нь өгсөн. Их, дээд сургуулийн хичээлийн нэг багц цагийн төлбөр харилцан адилгүй. Нэг оюутан жилд хэчнээн ч багц цагийн хичээл сонгон суралцаж болох учраас судлах хичээлээс нь хамаарч, сургалтын төлбөр зөрүүтэй байдаг. Кредитийн зөрүүг эцэг, эхчүүд сургалтын төлбөр нэмэгдлээ хэмээн ойлгодог.
Төрийн өмчит их, дээд сургуулийн сургалтын төлбөр сүүлийн хоёр жил нэмэгдээгүй. Хувийн сургуулиудад ч мөн адил чиглэл өгсөн ч бизнесийн зарчмын дагуу уян хатан хандах нь тэдний дотоод асуудалд хамаардаг” гэж БСШУСЯ-ныхан хэллээ.
Уг мэдээллийн дагуу МУИС-д очиход, нэг багц цагийн төлбөр өмнөх жилийнхээс нэмэгджээ. Тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2017 оны гуравдугаар сарын 31-ний 06 тоот тогтоолоор бакалаврын түвшний сургалтын төлбөрийн хэмжээг тогтоосон гэнэ. Зөвхөн I түвшний оюутны нэг кредит цагийн төлбөрийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Бизнесийн салбар сургууль 96.600-гаас 103.100, Шинжлэх ухааны сургууль 74.600-гаас 86.700 төгрөг болж нэмэгджээ.
МУИС-ийн оюутан 2012-2013 оны хичээлийн жилээс сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж хэмээн нэг жилд 224.000 төгрөг төлдөг байсан бол энэ жилээс эхлэн суурь хураамж төлөхөөргүй болсон гэнэ. Тэгвэл ШУТИС-ийн сургалтын төлбөр нэмэгдсэн, эсэхийг нь лавлахад “Нэг багц цагийн дундаж үнэлгээ 61.813 төгрөг. Сүүлийн хоёр жил өөрчлөгдөөгүй” гэлээ.
Салбар сургууль тус бүрийн төлбөр харилцан адилгүй аж. Жишээ нь, Барилга, архитектурын сургууль 62.875, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль 66.250, Эрчим хүчний сургууль 64.375 төгрөг аж. 2015 онд тус сургуулийн нэг багц цагийн төлбөр 50.300 төгрөг байсан билээ.