Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Дэлхийн манлайллын академи болон Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэгч олон улсын байгууллага “Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх төсөл”-дөө Монголыг хамруулахаар болжээ. Эдгээр байгууллага Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-той жилийн хугацаанд хамтарч ажиллахаар өнгөрсөн мягмар гаригт тохиролцсон аж.
СЗХ-ны Даатгалын газрын дарга М.Өлзийбат “Олон улсын даатгалын суурь зарчимд нийцүүлэн хүртээмжтэй даатгалын зах зээлийг хөгжүүлэх зорилготой эл төсөлд манай улс холбогдох шалгууруудыг хангаж хамрагдахаар болсон” гэв. Гана, Кени, Папуа Шинэ Гвиней улсын хувийн хэвшлийн найман гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг хүртээмжтэй даатгалын зохицуулалтын орчныг сайжруулах чиглэлээр дээрх хугацаанд хамтран ажиллах юм байна.
Төслийн хүрээнд СЗХ иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн даатгалын бүтээгдэхүүн бий болгох, шинэ технологи нэвтрүүлэх, үр ашигтай борлуулалтын суваг нээх зэрэг ажил хийх гэнэ. “Ингэснээр Монголын даатгалын салбарын хөгжилд ахиц болохуйц шийдлүүд бүрдэж байна” гэж М.Өлзийбат нэмж хэлэв.