“Барс” худалдааны төвийн замын эсрэг талд наймдугаар сарын энэ үед үнэ нь буурч, их хэмжээгээр эгнүүлэн тавьчихаад зардаг шинэхэн ногоонууд энэ жил харагдсангүй. Өнгөрсөн жил өдийд тус захад нэг килограмм төмсний үнэ 500, манжин, лууван, сонгиныг 1500 төгрөгөөр худалдаж байв.
Харин тус худалдааны төвийн хүнсний ногооны бөөний хэсэгт нэг кг төмс 1100-1300, лууван, манжин 1800, сонгино 1500 төгрөгийн үнээр зарж байлаа. Энэ нь өнгөрсөн жилийнхээс төмс 600- 800, манжин, лууван 300 төгрөгөөр өссөн үзүүлэлт. Тэгвэл “Бөмбөгөр” худалдааны төвд төмс 1500, манжин, лууван 2500, монгол сонгино 3000, хятад сонгино 2000 төгрөгийн үнэтэй байв. Ногооны худалдагчдаас энэ тухай асуухад “Шинэ ургацынх шүү дээ” гэхээс өөр юм хэлсэнгүй.
Энэ хавар ХХААХҮЯ 15.100 га талбайд төмс, 8500-д хүнсний ногоо тариалж, 170.000 тонн төмс, хүнсний ногоо 102.000-ыг хурааж авахаар төлөвлөсөн аж. Манай улс сүүлийн 5-6 жилд хүнсний ногоо, тэр дундаа төмсийг 100 хувь дотоодоосоо хангаж буй ч шинэ ургацын ногоо гарч эхэлсэн буюу сарын өмнөх үнэ хямдраагүй хэвээрээ л байна.