Лондоны металлын биржид нэг тонн цэвэр зэсийн үнэ уржигдар 6347 ам.долларт хүрчээ. Энэ нь сүүлийн хоёр жил (2015 оны тавдугаар сард 6445) гаруй хугацаан дахь хамгийн өндөр үнэд тооцогдож буй юм.
Тодруулбал, зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногт гэхэд тус биржид тонн тутамд 347 ам.доллароор нэмэгдээд байгаа аж. Уг металлын үнэ өссөн голлох шалтгааныг зах зээлд зэсийн нийлүүлэлт багасаж болзошгүйтэй холбон тайлбарлажээ. Мөн Хятадын эдийн засаг хоёрдугаар улиралд 6.9 хувиар өсөж, таамаглалаа давсан нь үүнд нөлөөлсөн гэнэ.
Дашрамд дурдахад, Монгол Улсын эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг зэсийн үнэ өсөж буй нь манайх руу чиглэх валютын урсгал нэмэгдэхийн зэрэгцээ, төсвийн алдагдал буурч, орлого сайжрахад тустай. Мөн ирэх жилүүдэд Хятадын зах зээлд зэсийн эрэлт нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байна.