Олон улсын стандартад зааснаар 100 мянган хүн тутамд нэг нийтийн номын сан байх ёстой байдаг. Тэгвэл манай улсад нийтийн гэх тодотголтой цөөн хэдэн номын сан байдгийн дээр удахгүй нэмэгдэх МУИС-н номын сан оюутан залуусын хувьд өндөр хүлээлт үүсгээд байна. Үүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг бид тун удахгүй хүргэнэ. Үүнээс өмнө улсын номын сангуудын бидний хэдийнээ мэддэг гэж боддог ч зарим нэг мэдэхгүй байж болох баримт, давуу болон сул талын талаар мэдээллүүдийг бэлтгэн оруулахаар шийдлээ.
Хүүхдийн номын сан
Та хүүхдийн номын сан гэхээр зөвхөн хүүхдэд үйлчилдэг гэж ойлгодог юм биш биз. 80 гаруй мянган номын хөмрөгтэй гэдгээрээ нийтийн номын сангууд дундаа гуравт эрэмбэлэгддэг. Энэхүү номын сан насанд хүрэгчдэд ч гологдохгүй гэдгийг хэд хэдэн баримтаас харж болно.
- Номоо гэрээр авч явж болдог. Зарим номын сан гэрээр ном олгодоггүй шүү дээ. Тэгвэл энд бичиг баримтаа барьцаалаад номоо үнэгүй авч явна. Хамгийн дээд тал нь эрэлт ихтэй номыг 14 хоног авч явж болдог. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутмын 300 төгрөгийн торгууль төлөх шаардлагатай.
- Насны ангилал харгалзсан олон танхимтай. Энд мэдээж насанд хүрэгчдэд зориулсан танхим байдаг гэдгийг онцолмоор байна. Их мэдэх, Мөрөөдөл танхимууд хүүхдэд чиглэсэн. Мөрөөдөл дунд ахлах ангийн сурагчид сууж ном уншдаг бөгөөд чөлөөт сонголтын номтой ба нэмж сонирхуулахад хамгийн арын буйдан нь маш тухтай. Харин Дорно дахины танхимд Япон, Солонгос, Хятад хэлний номоор дагнасан. Цаанаа л нэг Дорнын өнгө төрх мэдэгдэнэ.
- Гутлаа тайлаад ширдгэн дээр сууж амрангаа, хана налаад номоо уншиж суугаа хүүхдүүд харагддаг. Бийрэн бичлэгийн хичээл ордог. Харин Өрнө дахинд мэдээж Англи, Орос номтой.
- Давуу тал ном дагалдсан олон CD байдгаас дуртайгаа сонсох боломжтой. Өрнө дахины номын сангийн цаана хүмүүс тэр бүр мэддэггүй нууц өрөө бий. Тэр өрөөнд утсаар ярьж, амарч, авчирсан хоолоо идэж болно.
- Харин Герман хэлний танхим хамгийн чимээгүй гэдгээрээ онцлогтой. Герман хэл мэддэггүй байсан ч илүү чимээгүй орчин хэрэгтэй бол Герман хэлний танхимаар зочлоорой.
- Дорно дахины танхим хувийн номтой үйлчлүүлж болох ганц танхим. Энд мөн зохиолч уншигчдын уулзалт гэх мэт олон үйл ажиллагаа зохиодог. Нэг сул тал нь захиалгын хуудас аваад номныхоо нэр, шифр гээд нэг бүрчлэн хоёр хувь бичиж захиалдаг. Бусдаар бол яриангүй сайн номын сан.
Төв номын сан буюу Үндэсний номын сан
- Үндэсний номын сан 3 сая гаруй номын хөмрөгтэй гэдгээрээ одоо ч хамгийн олон номтой номын сан гэдэг байр сууриа алдаагүй байна. МУИС-ийн удахгүй ашиглалтанд орох номын сангийн фонд хүртэл 430 мянга байгаа нь тус номын сангийн талд ч хүрэхгүй байгаа юм. Төв номын сан өөрөө каталог шүүн хүссэн номныхоо мэдээллийг хайж, олон номтой гэдэг утгаараа номын санчаар дамжуулан авна.
- Цахим төлбөрт үйлчилгээний танхимын онцлог бол уншигчийн үнэмлэхгүй байгаа хэрэглэгчдэд төлбөртэй үйлчилдэг.
- Харин ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний номын санд магистраас дээш цолтой эрдэмтэн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудад гар бичмэл, барын номыг цахим хэлбэрээр дэлгэцээр үзэх боломжтой зэрэг өндөр зэрэглэлийн танхим юм. Судлаачдын хувьд энэ танхимаар үйлчлүүлэх нь өөрөө нэр төрийн хэрэг ч гэж үздэг. Магистраас доош цолтой хүмүүсийн хувьд орж үзэхийн хүслэн болсон танхим юм.
- Юнеско-гийн уншлагын танхим нь НҮБ-ын зөвлөлөөс болон ЮНЕСКО-гоос ирүүлсэн ном хэвлэлээр уншигчдад үйлчилж байна.
- Төв номын санд заавал ороод үзэхийг зөвлөх танхим бол Үнэт ховор номын музей юм. Энд дэлхийн өвд бүртгэгдсэн хосгүй үнэт ховор, ганцхан хувь ч байдаг ном судар хадгалагдаж байдаг.
- Нийтийн уншлагын тахим бол хүн бүрийн өмнө нээлттэй.
Нацагдоржийн нэрэмжит Нийтийн төв номын сан
- Номын сангийн гол онцлог Улаанбаатар хотын дөрвөн дүүрэгт салбартай бөгөөд аль ч дүүрэгт та нэг л картаар үйлчлүүлж болно гэсэн үг. Аль ойрхон салбартаа очоод үйлчлүүлэхдээ дундаа нэг карттай болохоор амар байгаа биз.
- Нийтдээ 370 мянга орчим номын фондтой.
- Бас нэг давуу тал нь интернэттэй бөгөөд цахим уншлага хийх, интернэтээс мэдээлэл авахад зориулсан 20 орчим компьютер байна. Цаг орчим суугаад таны дараа суух хүн байхгүй байвал үргэлжлүүлэн суусан ч болно.
- Номоо гэрээр хоногийн 300 төгрөгөөр авч явж болдог.
- Салбар шинжлэх ухаанаар хуваарилсан ерөнхий хоёр танхимтай. Хоёр давхартаа хувийн номтой орох боломжтой.
- Гадаад харилцаа сайтай бөгөөд Оюутан залуусыг гадаад руу зуучлах тэр дундаа Америкийн боловсролын чиглэлийн мэдээлэл өгдөг боловсролын байгууллагуудтай хамтарч ажилладаг. Гадаад кино албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн хэлний мэдлэг сонсгол сайжруулах зорилгоор үйлчлүүлэгчиддээ үзүүлдэг.
- Тусгай бүлгийн уншигчдын танхимтай. Энд хараагүй иргэд хуруугаараа мэдэрч уншдаг олон төрлийн ном, аудио сонсголын олон материал багтана.
Энэ мэт олон давуу талыг уншигчид нь андахгүй биз. Байршил, цагийн хуваарь зэрэг мэдээллүүдийг номын сангийн пэйж хуудсуудаас авах боломжтой.
Монголчууд бид номны үнэ цэнийг эд хөрөнгө, үр хүүхдээсээ ч өндөрт өргөдөг. Гэтэл хүмүүсийн ном унших нь багассаар л байна. Дэлхийн хамгийн шилдэг кино театр бол тархи, сайн ном унших үед чи үүнийг мэдэрнэ” гэж Ридлей Скотт хэлсэн байдаг. Бидний мэдээлэл авах хэрэгсэл, номын сан хүртэл өөрөө цахимжсаар байгаа ч карт нээлгээд ном дэлгээд суух танд арай өөр мэдрэмжийг төрүүлэх вий.
Ном унш эс бөгөөс тархи агшина, үг золбиншиж үйлдэл зэрлэгшинэ гэдэг үгээр бичвэрээ төгсгөе.