Индонез улсын Ёгякарта хотод физикийн олон улсын 48 дугаар олимпиадыг зохион байгууллаа. Тус олимпиадад манай улсаас таван сурагч медальт байрт шалгарсан байна. Тодруулбал, “Шинэ Монгол” дунд сургуулийн сурагч Л.Дөлгөөн, “Сант” дунд сургуулийн сурагч Л.Оюунтөгс нар мөнгө, Хөвсгөл аймгийн “Ирээдүй” сургуулийн сурагч С.Сумъяажав, нэгдүгээр сургуулийн сурагч Б.Амарболд, Э.Гарьд нар хүрэл медаль хүртжээ.
Тус багийн ахлагчаар МУИС-ийн физикийн багш Д.Улам-Оргих ажиллаж, тэднийг олимпиадад бэлдсэн аж. Сонирхуулахад, ахлах ангийн сурагчдийг өрсөлдүүлдэг физикийн олон улсын эл олимпиадыг 1967 оноос зохион байгуулж буй бөгөөд орон бүрээс оролцох баг нь үндэсний хэмжээнд шалгарсан таван сурагч болон багийн хоёр удирдагчаас бүрддэг байна.
Сурагчид онолын болон туршлагын бодлогуудыг бодох олимпиадын онолын хэсэг нь гурван бодлогоос бүрдэх бөгөөд таван цагийн хугацаанд гүйцэтгэх ёстой. Энэ төрлийн бодлого нь ихэвчлэн хоёр болон түүнээс дээш хэсгүүдээс бүрддэг. Харин туршлагын ажил нь нэг юмуу хоёр ажлаас бүрддэг бөгөөд үүнд мөн таван цагийн хугацаа өгдөг аж.