БСШУСЯ, Монголын роботын боловсролын нийгэмлэгийнхэнтэй хамтран Орхон аймагт “Орхон робот-2017” лего роботын бүсийн тэмцээн зохион байгуулж байна. Угсардаг тоглоомноос санаа авч бүтээсэн, үндсэн удирдлага, цахилгаан хөдөлгүүр, гэрлийн болон саад мэдрэгч зэрэг олон бүрдэл хэсэгтэй роботуудыг угсарч, өрсөлдүүлдэг энэхүү тэмцээн нь сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлдэг аж.
Энэ удаагийн тэмцээнд Булган, Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулиас гадна БСШУСЯ-ны харьяа, олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол тэмүүлэл”, “Шинэ эрин”, “Шинэ эхлэл” лаборатори сургуулийн 8-11 дүгээр ангийн 110 сурагч 28 баг болон өрсөлдөж буй гэнэ. Түүнчлэн БНСУ-ын ахлах сургуулийн сурагчид ч оролцож буй бөгөөд тэмцээнээс шалгарсан баг ирэх онд тус улсад болох КPS тэмцээнд оролцох эрхтэй болох юм байна.
Дашрамд дурдахад, лего роботын тэмцээнийг манай улс зургаан жилийн өмнөөс зохион байгуулж эхэлжээ. Харин 2015 оноос аймгуудад бүсчлэн зохиох болсон байна. Монголын роботын боловсролын нийгэмлэгийнхэн 60 гаруй сургуулийг лего роботын сургалтын танхимтай болгосон аж.