Засгийн газар энэ сарын 4-ний хуралдаанаар бүх хүүхдэд ялгаваргүйгээр мөнгөн тэтгэмж олгох шийдвэр гаргасан. Улмаар мөнгөө аваагүй байсан хүүхдүүдийн дансанд сар бүр олгох 20 мянган төгрөгийг нөхөж шилжүүлээд байгаа билээ.
Тэгвэл манай оронд Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж буй Олон улсын валютын сангийнхан хүүхэд бүрт мөнгө олгохыг зогсоохыг шаардсан гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм.
Сангийн яамныхан энэ мэдээлэл ташаа болохыг өчигдөр албан ёсоор мэдэгдлээ. ОУВС-гийн шинжээчид энэ өдрүүдэд Монголд ажиллаж байгаа аж. Тэд энэ удаад манай орны эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтүүдтэй танилцаж яваа гэнэ.
Хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас гурван сар тутамд санхүүжилт хийхээр тохиролцсон. Тэд санхүүжилт дуусах бүрт буюу улирал тутамд хөтөлбөрийнхөө явцад үнэлгээ хийж, зөвлөмж гаргах юм. Эхний ээлжийн 38.6 сая ам.долларын санхүүжилт дууссаны дараа тус сангийн хяналтын баг ажиллаж, хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт өгөх юм байна.
Засгийн газраас төсвийн орлогын төлөвлөгөө 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн тул хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөхөн олгож байгаа хэмээн тайлбарлаж буй.