"ТЭМДЭГЛЭЛ"
МУИС-д орох хэцүү сурах амархан, ШУТИС-д орох амархан, төгсөх хэцүү. Харин ЭМШУИС-н охидын бүх хэрэглээ нь дунджаас дээш. Хүмүүнлэгийхэн дийлдэхгүй ганган. Батлан хамгаалахынхан спортлог залуустай гээд л их сургууль бүрийн тогтсон яриа байдаг. Арван жилийн IX ангид байхаас л МУИС мөрөөдлийн минь сургууль болж энэ мэт сонсож дуулсан бүдүүн тойм ойлголтоороо баримжаа авч оюутан болохоор ирж билээ. Эхэндээ бүх юм ойлгомжгүй төлбөр, голч дүн, сиси гээд юугаа ч яриад байгаа юм гэж боддог байснаа санаж байна. Тэгээд л төгсөхөөрөө МУИС-н талаар мэдээлэл авахыг хүссэн шинэ оюутнуудад төсөөлөл буухаар юм бичнэ дээ гэж бодож байсан юм л даа. Зарим зүйлийг бол биеэр л туулж байж мэдрэх байх. Гэсэн хэдий ч өөрийн үзэж туулсан дөрвөн жилийн дурсамжаас хуваалцахаар шийдлээ.
Их сургуулийн гудамжиндаа алхахад залуусын давалгаа нөмөрч, зөвхөн залуусын ертөнцөд байгаа юм шиг санагддагсан. Анх МУИС-н хоёрдугаар байранд бүртгүүлэхээр орж ирэхэд олон хөөрхөн охин урт дараалалд зогсож байхыг харсанаа тод санадаг. Нэг дор ийм олон хөөрхөн охин байдаг л юм байна гэж гайхсан шүү. Арван жилд ангийн тал нь хөвгүүд, тэгээд хөөрхөн охид тоотой цөөн байдаг байтал энд зүгээр л коридороор нэг хөөрхөн охид хөглөрөх шиг. Тухайн үед бодохдоо эхний хичээл гээд хөвгүүд нь хичээлээ тасалчихсан юм байхдаа гэтэл байгаа нь л тийм байсан юм билээ. Нийгэм, хэл шинжлэл, биологи, түүхийн чиглэлийхэн болоод ч тэр үү МУИС-н хоёр бусад долоон салбараа бодвол арай л олон охинтой, цөөхөн залуустай. Олон аймаг, хотоос МУИС-г зорин ирсэн адилхан монгол хүүхдүүд ч аялага дуудлага, өссөн орчин, дадал зуршил гээд хоорондоо ялгаатайгаа гайхалцан оюутны эрхэм найзуудтайгаа танилцсан сан. Өндөр босго, эрдэмтэн доктор багш нар, олимпиадны шилдгүүд гэх мэт бахархал олонтой ч тэр хэрээрээ хүнд сурталтай юм уу даа гэж эхэндээ санагдана. Сургалтын албаны ажил барагддаггүй бололтой. Харин Сиси систем (Оюутны хөтөч) бага зэрэг гацдаг ч гэсэн тэдний ажилд их тустай. Сисид бид хичээлийхээ хуваарийг зохиож (хичээл орох цаг, багшаа өөрөө сонгодог. Уг нь гоё сонсогдож байгаа биз гэхдээ заримдаа сонголтгүй сонголтой) , багш нарын мэдээллийг харж, дүн, хичээлийн хуваарь үзэх гээд олон талаар харьцах шаардлагатай болно. Эхний жил анги гэж байхгүй суурь хичээлээ дээд курсыхэнтэйгээ холилдож ороод л хэн нь шинэ, хэн нь хуучин оюутан гэдгийг ялгамгүй. Багш нарын хувьд гэвэл бас л бахархмаар шүү. Сайн багшийнхаа нэрийг бариад ажилд ордог ч тохиолдол байдаг. Гэхдээ МУИС-н багш нар багш статусаасаа илүү судлаачийн ажилдаа илүү хайртай. Тэд оюутан нэг бүртэй тулж харьцах завгүй хүмүүс л дээ. Арван жил шиг багш чинь чиний араас гүйхгүй, хичээлээ тасаллаа гэж загнахгүй, өрөнхийдөө бол зөнд нь л тавина гэхдээ хэрвээ үүнийг эрх чөлөө гэж андуураад хэт зөнгөртвөл хичээл дээрээ унаж дахиад төлбөр төлөх болно шүү. Барын амнаас гараад арслангийн амруу ороод дууслаа гэсэн чинь Луу чамайг хүлээж байна гээд л багш нараа ярьж байгаа нь тэр. Манай сургуульд хэд хэдэн дүн дээрээ чанга багш бий. Бас их даалгавар өгдөг ч дүн дээрээ их зөөлөн багш байна. Хий гэснийг хийсэн л бол үнэлдэг багш нар байхад бас толгой илж илж байгаад “сонин” дүн оруулчихдаг хэд ч байна. II курсд байхад хамт хичээл суудаг хэдэн оюутантайгаа нийлж багшаа сольдог гарууд болоод гарын үсэг цуглуулж гүйгээд. Тэгээд ямар юмаараа багшаа солих вэ дээ? Уг нь их нягт нямбай, хэн хүнд байхааргүй зарчимч хүн байсан юм байна лээ. Тэр зангаа биднээс нэхээд байгааг нь бид эхэндээ ойлгохгүй ямар ааштай багш вэ гээд бүгд хичээл дээрээ унасан юм даг. Гэвч дараа жил нь давахгүй гэсэн даваагаа гурав давдаг гэгчээр нөгөө багш маань бидний анги удирдсан багш болчихлоо. Сургуулиа төгсөхдөө юун нөгөө үзэж чадахгүй багш биш хайлж урссан хайртай багш, шавь нар болоод л хагацсан юм даа бид. Тийм болохоор манай МУИС-д эхэндээ аймар юм шиг харагдсан багш нар толгойд их юм хийгээд явуулдаг юм шүү.
Сүүлдээ бид чинь хайртай багш нарыгаа өмчирхөх дуртай болоод ирнэ ээ. Тэр чинь миний багш намайг чиглүүлдэг багш гэж ирээд л. Энэ зан төгсөх курс болоод ирэх бүр ч тод ажиглагдана. Шатны хажуу талын жижигхээн ангийг хэн ч танай анги гээгүй байхад бид өөрсдийнхөө анги л гэж боддог. Суудаг ширээ сандал ч гэсэн бичигдээгүй ч эзэнтэй. Утга зохиолын анги байсан болоод ч тэр үү манай ангийхан цаанаа л нэг дэврүүн, хийе гэснээ хийдэг, хэлье гэснээ хэлдэг бас дүн гээд хөлөө хугачих шахам гүйдэг оюутнуудыг гайхдаг бол эсрэгээрээ бичлэг сайтай, авъяастай оюутнуудаа дүнтэй дүнгүй хүндэлдэг тийм л анги даа. Олны дунд янз бүрийн л оюутан байдаг. МУИС элсэлтийн босго оноо өндөр болоод ч тэр үү уг нь суурь сайтай хүүхдүүд ордог л доо. Гэхдээ сул тал нь МУИС л бол ямар ч анги байсан яахав гээд огт сонирхолгүй ангидаа орчихоод мэргэжилдээ дуртай дургүй сурч байгаа оюутнууд мэр сэр харагддаг. Харин ЕШ-дээ аз дутаад муу оноо авсан ч хувийн сургуульд дуртай мэргэжлээрээ сураад нийгэмд өөрийгөө үнэлүүлж чаддаг оюутнууд ч бий. Тийм болохоор бид хувийн сургуульд ч сайн оюутан байдаг гэдгийг мэддэг.
Олон хүүхэд асуудаг. Хичээлийнхээ хажуугаар ажил хийхээр ямар байдаг вэ гэж? Оюутнуудын олон онигоо байдаг болоод ч тэр юм уу та нар үнэхээр өлсдөг юм уу ч гэж асуух шиг. МУИС-г ерөнхийдөө онол сайн гэдэг ч практик муутай гэж олон хүнээс сонсож байсан болоод ч тэр үү би дадлагаа сайн хийнэ шүү гэсэн ойлголтой болчихсон үе л дээ. Нээрэн л намайг III курсэд анх удаа дадлага хийх гээд телевизэд очиход хувийн сургуулийн хүүхдүүд нэгдүгээр курсээсээ эхлээд дадлага хийчихсэн байх юм. Уг нь бол би ангиасаа бол хамгийн эрт дадлагатаа гарч байгаа оюутан юм шүү дээ. Тэгээд бусад сургуулиас практик тал дээрээ хоцорч буйгаа мэдрэн дараа олон газар дадлага хийсэн юм даа. Оюутны дөрвөн жилийн хугацаанд би заримдаа 3,8 ч голчтой 2,2 ч голчтой сурч байлаа. Эхний хоёр жил хичээлийнхээ хажуугаар ажил хийж, 3-4 курсдээ дадлагад гарсан. Мэдээж ажил хийгээд сурна гэдэг тийм ч амар биш. Тэр үедээ хэдий хичээгээд шөнө сууж даалгавраа хийдэг байсан ч өдөр нь дуртай хичээлийнхээ лекцэн дээр ядраад унтчихаад байхаар ямар нэмэр байх билээ. Арай чүү 2,2 голч авах жишээний. Гэтэл бидний эрхэм зорилго сурах шүү дээ. Олон найзынхаа жишээн дээрээс харсан ч тэр найзууд маань шургаж унатлаа ажиллаад сайн мөнгө олдог ч эргээд л хичээлдээ унаж олсон мөнгөө төлбөртөө өгдөг. Хэлэх гээд байгаа зүйл минь бол ажиллах сайхан ч мэргэжлээрээ ажиллах илүү сайхан. Тийм болохоор үнэхээр ажилламаар байвал мэргэжлээрээ хичээлтэйгээ холбогдолтой ажил олвол л зүгээр.
Өнөөдөр хэдэн он бэ ноён тагтаа? Хэн хэзээ яагаад бичсэн юм бүү мэд. Их сургуулийн гудамны хаяг шиг тод дурайх энэ бичгийг төдийлөн анзаараагүй, анзаарсан ч тоолгүй өнгөрсөн нь олонтой. Одоо бодоход тагтаа гэдэг нь оюутан залуус л болов уу? Харин асуусан асуулт нь чи ер нь хаана, хэзээ, юу хийгээд яваад байгаагаа мэдэж байна уу гэж байгаа мэт санагдуулдаг. Оюутнууд жигүүрээ дэлгэн нисэх гэж оролдох тагтаа юм. Гэхдээ та зөв газраа зөв зүйлээ хийж яваа юу? Юунд өөрийгөө зориулж байна вэ? Өнөөдөр ингэхэд хэдэн он билээ? Ноён тагтаа...