Манай улс энэ оны эхний хагаст 19.1 сая тн нүүрс экспортолж, 1.3 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь жилийн өмнөх үеэс 4.5 дахин өссөн дүн боллоо. Нүүрсний үнэ 300 ам.доллар шүргэж байсан 2011 онд ч жилийн эхний хагаст 20 орчим сая тн-ыг экспортолж, тэрбум ам.доллар давсан орлого олж байгаагүй билээ. Тиймээс энэ бол манай нүүрсний зах зээлийн оргил цаг юм. Энэ эрчээ хадгалбал оны эцэст 40 орчим сая тн-ыг нийлүүлэх боломж бий гэнэ. Ийнхүү түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөв байна. Харин ийм таатай үе удаан үргэлжлэхгүй хэмээн шинжээчид дүгнэж буй юм.
Дэлхийн нүүрсний хэрэглээ жилээс жилд багасаж байна. Эрчим хүчний мэдээллийн алба (EIA)-ныхны тооцоогоор дэлхий даяар 2014 онд 7.8 тэрбум тн нүүрс хэрэглэсэн бол 2015 онд үүнээс 2.9, 2016 онд 0.3 хувиар багасчээ. Мөн уг түүхий эдийн гол хэрэглэгч өмнөд хөршийн эрэлт ч хумигдах төлөвтэй. Тухайлбал, Хятад улс 2016 онд гурван тэрбум 542 сая тн нүүрс шатаасан бол энэ жил 140 орчим сая тн-оор багыг хэрэглэхээр байгаа аж. Тус улсын Засгийн газар энэ сарын эхээр хоёрдугаар зэрэглэлийн зарим боомтоор нүүрс импортлохыг хориглох шийдвэр гаргалаа. Энэхүү хориг нь 150 гаруй боомтыг хамрахаар байгаа бөгөөд Австрали, Индонез, Монгол зэрэг нийлүүлэгч орны экспортыг багасгах төлөвтэй хэмээн эдийн засагчид хэлж байна. Өнгөрсөн тавдугаар сард өмнөд хөрш 22.2 сая тн нүүрс импортолсон нь өмнөх сараас 10 орчим хувиар багассан дүн болжээ.
Үүнээс гадна Дэлхийн гангийн холбооны тооцоогоор Хятад улсын гангийн үйлдвэрлэл ойрын жилүүдэд багасаж байна. Тухайлбал, тус улс 2014 онд 823, 2015 онд 804, 2016 онд 800 орчим сая тн ган үйлдвэрлэв. “Рио тинто”-гийн өнгөрсөн жилийн судалгаагаар Хятад болон хөгжингүй орнуудын төмрийн хүдрийн эрэлт 2030 он хүртэл төдийлөн өсөхөөргүй байгаа гэнэ. Тиймээс коксжих нүүрсний эрэлт багасах хандлагатай нь эндээс харагдаж байна. Мөн өмнөд хөрш нүүрс шатааж, цахилгаан гаргахаас илүү сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж буй нь нүүрсний зах зээлд сөргөөр нөлөөлөх болов.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ цаашид хямдарна хэмээн олон улсын шинжээчид таамаглаж байгаа. “Citi group”-ийн судлаачид “Нүүрсний үнэ цаашид хямдрах төлөвтэй” хэмээн дүгнэжээ. Тухайлбал, тус группийнхэн тн коксжих нүүрсний үнэ энэ оны эцэст 130, 2019-2020 онд 110 ам.доллар болон хямдарна гэж төсөөлсөн байна. Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэхийн зэрэгцээ, гол импортлогч Хятадын Засгийн газрын нүүрсний салбарт баримталж буй бодлого нь нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөхөөр байгаа аж. Өнгөрсөн оны эцэст тус улс зарим боомтоор нэвтрүүлэх нүүрс, зэсийн баяжмалд ногдох хураамжийн хэмжээг нэмсэн. Мөн дотоодын уурхайн жилийн ажиллах хоногийг ойрын үед эргүүлэн сунгаж магадгүй гэсэн хүлээлт бий. Саяхан зарим боомтоор нүүрс импортлохыг хориглолоо. Хэрэглэгч тал энэ мэтчилэн импортоо хумих бодлогоо эрчимтэй үргэлжлүүлж байгаа нь экспортлогчдын өрсөлдөөнийг улам ширүүсгэх болов.
Тухайлбал, дэлхийн зах зээлд эрэлт багасаж байгаа ч нийлүүлэлт тогтвортой, зарим орных өсөх хандлагатай байна. Эрчим хүчний мэдээллийн албаны судлаачдын тооцоогоор дэлхийн нүүрсний нийлүүлэлт 2017, 2018 онд тус бүр 0.6 хувиар өсөх гэнэ. Тухайлбал, Хятадын нүүрсний үйлдвэрлэл аажмаар багасаж буй бол Энэтхэг, АНУ, Австралийнх нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, Хятадаас бусад томоохон нийлүүлэгч экспортоо өсгөхөөр улам илүү хичээх болсон аж. Энэ хүрээнд олборлолтоо нэмж, зардлаа багасгахад анхаарч буй. Өнгөрсөн сарын байдлаар Индонез улсын Хятадад нийлүүлсэн нүүрсний хэмжээ 25 орчим хувь, Монголынх 4.5 дахин өссөн юм. Мөн ОХУ-ын экспорт ч нэмэгджээ. Энэ нь үнэ өссөн, Хятад улс Хойд Солонгосын нүүрсэнд хориг тавьснаас гадна экспортлогч орнууд орон зайгаа тэлэхээр хичээж буйтай ч холбоотой юм.
Нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ Австрали болон Хятадын зүүн эргийн боомтуудад тогтдог гэдгийг шинжээчид хэлдэг. Гэхдээ манайд дэлхийн зах зээлийнхээс бүс нутгийн үнэ илүү хамааралтай талаар Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач Б.Мөнх-Ирээдүй ярьсан юм. Өөрөөр хэлбэл, манай улс коксжих нүүрсээ 100 хувь өмнөд хөрш рүү нийлүүлдэг ч манай зорилтот зах зээл бол ӨМӨЗО-ы Бугатын аж үйлдвэрийн хот, Тань Шинь бүс нутаг юм. Энэ бүс нутагт нүүрсний үнэ ямар байгаагаас хамааран, өртгөө хасаж, уурхайн амны үнэ тогтдог.
Энэ оны эхний хагаст Австралийн экспорт таван хувиар багассан байна. Үүний гол шалтгаан нь Австралид дотоодын нүүрсний тээврийн зардал өндөртэй холбоотой хэмээн эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар ярив. Манай улсын хувьд уурхайн олборлох зардал Австрали зэрэг орныхтой харьцуулбал бага ч тээвэр, ложистикийн хөгжил сулаас өртөг нь өндөр хэвээр байгаа. Тухайлбал, Тавантолгойн ордоос Гашуунсухайтын боомт хүртэл нэг тн нүүрс тээвэрлэх зардал нь 15 орчим ам.доллар байдаг. Төмөр замтай болбол өртөг нь тн тутамд 10 орчим ам.доллароор багасна. Зөрүү 10 ам.доллар нь дотоодын компаниудад үлдэх юм. Манай улсын хамгийн том нийлүүлэгч “Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны нэгдүгээр улиралд тн нүүрсээ уурхайн аман дээрээс 59 ам.доллароор борлуулж байсан бол одоо 70 орчим ам.доллар болон өсгөсөн. Гэхдээ “Энержи ресурс” компани угааж боловсруулсан нүүрсээ тн-ыг нь 130 орчим ам.доллароор худалдаж байгаа гэсэн мэдээ бий. Иймд өндөр үнэтэй байгаа дээр нь өртөг шингээхэд анхаарах хэрэгтэй аж.
Манайд “Эрдэнэс Тавантолгой”, МАК, “Саусгоби сэндс”, “Энержи ресурс”, орон нутгийн өмчит “Таван“толгой”, “Чинхуа МАК”, “Цагаан-Өвөлжөө” зэрэг компани коксжих нүүрс экспортолж байна. Үүнээс гадна Алагтолгойн бүлэг ордоос Өмнөд хөршийн Тяньжин боомт руу эрчим хүчний нүүрс нийлүүлж эхэлсэн. Тус бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй “Чингисийн хар алт”, “Штанкойл”, “Френдшип” зэрэг компанийн Тяньжин руу тээвэрлэсэн нүүрсний нийт хэмжээ нэг сая тн руу дөхөж буй гэсэн мэдээ бий. Нүүрсний экспорт ийнхүү өсөж, орлогын хэмжээ нэмэгдэж буй ч энэ нь үүлэн чөлөөгөөр нар тусах мэт цаг зуурынх гэдгийг шинжээчид онцолж байгаа. Зах зээлийн өрсөлдөөн ч өмнөхөөс илүү ширүүсэх хандлагатай байна. Тиймээс өрсөлдөөнөөс амьд үлдэж, цаашид орон зайгаа хадгалъя гэвэл дэд бүтэц, тээвэр ложистикийн асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй.
Ийнхүү манай улс оны эхний хагаст нүүрснээс 1.3 тэрбум ам.долларын орлого олж, хар алт манай экспортын нэг номерын түүхий эд болон зах зээлд дэлгэр сайхан цаг тохиож байгаа мэт боловч алга урвуулахын хооронд “зуд” болох эрсдэл бийг шинжээчид сануулж буй.