Засгийн газраас дэвшүүлсэн “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдэд нээлттэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, төрийн өмчийн цэцэрлэгийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдүүдийг энэ жилээс цахимаар бүртгэх болсон. Өмнөх жилүүдэд эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд хэдэн өдөр дугаарладаг байсан.
Тэгвэл одоо хүүхдийнхээ регистрийн дугаарыг цахим бүртгэлд оруулахад аль дүүргийн, ямар цэцэрлэгт хамрагдах тухай мэдээлэл гарч ирэх гэнэ. Үүний дараа бүртгэлийн тусгай дугаарыг мессежээр илгээх юм байна. Тиймээс холбогдох утасны дугаараа заавал оруулан, баталгаажуулах ёстой. Гэхдээ цэцэрлэгт зөвхөн шинээр элсэж буй хүүхдүүдийг л ийм аргаар бүртгэнэ. Энэ жилийн бүртгэл 25-нд эхэлж, ирэх сарын 24 хүртэл үргэлжилнэ. Харин өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан хүүхдүүдийг ирэх сарын 21-23-нд уламжлалт аргаар бүртгэх гэнэ. Цахимаар бүртгүүлсэн хүүхдүүдийн элсэн орох эрх нь нээгдсэн тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчдыг мэдээллээр ханган, түргэн шуурхай үйлчлэхийг нийслэлийн Боловсролын газраас цэцэрлэгийн удирдлагуудад даалгажээ.