Манай улс энэ оны эхний хагаст 65 сая ам.долларын ачааны автомашин импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.5 дахин өссөн үзүүлэлт аж. Тоо хэмжээний хувьд ч хоёр дахин ихэсчээ. Өнгөрсөн оны эхний хагаст ачааны 2900 машин импортолсон бол энэ онд 5600 болсон юм. Уул уурхайн үйлдвэрлэл сэргэсэн нь үүнд нөлөөлсөн байна. БНХАУ, БНСУ, АНУ, Беларусиас хамгийн олон машин оруулж ирсэн байна. Тухайлбал, 30 сая ам.долларын хятад машин импортолсон нь хамгийн их дүн болов. Мөн суудлын автомашины импортын хэмжээ ч жилийн өмнөхөөс 11 мянгаар өсчээ. Америк суудлын автомашины импорт багасаж, Японых өссөн дүнтэй гарлаа. Японых 30 орчим сая ам.доллароор тэлэв. Ер нь сүүлийн жилүүдэд тус улсаас суудлын автомашин оруулж ирэх нь олширсон. Энэ нь хоёр орны хооронд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж буйтай холбоотой аж. Тус улсаас импортолж буй бараа бүтээгдэхүүний 70 гаруй хувийг суудлын автомашин эзэлж байна. Харин нийтийн тээврийн хэрэгслийн импорт багассан дүнтэй гарчээ.