Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ цогцоор нь олгодог ганц байгууллага гэгддэг байсан X цэцэрлэгийн байрыг 2013 онд нийслэлийн МХГ-ынхан “Ашиглалтын шаардлага хангахгүй” гэсэн үндэслэлээр акталсан. Цэцэрлэгийн барилгыг нураан, шинээр барьж, 2015 онд ашиглалтад оруулна гэж байв. Гэвч цэцэрлэгийн барилгыг нурааж ч амжилгүй энэ ажил гацаанд орж, дөрвөн жилийн нүүр үзэв.
Асаргаа, сувилгаа байнга шаарддаг хүүхдүүд энэ хугацаанд нийслэлийн 58 дугаар цэцэрлэг буюу “Өнөр бүл” гэх асрамжийн төв, ахмад настнуудын гэх тодотголтой “Сонгино” амралт гэхчилэн айл айлын хаяа бараадаж буй. Арга ядсан эцэг, эх, багш нар нь өдгөө хүүхдүүдээ ээлжээр салхинд гаргаж, сувилж байгаа аж. Саяхан Улаанбаатар хотын захирагч нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгийн засварыг ирэх сарын 15-ны дотор дуусгах үүрэг өгсөн. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийнх гэдгээрээ улсдаа ганц эл цэцэрлэгтэй холбоотой асуудлыг ер хөндсөнгүй, салбарын яам нь ч таг чиг. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилга, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Д.Ирмүүнзаяагаас тодруулахад “Цэцэрлэгийн барилгын ажилд шаардлагатай хөрөнгийг 2018 оны төсөвт суулгах саналаа нийслэлийн ЗДТГ-т хүргүүлсэн” гэлээ.