Сүүлийн жилүүдэд барилдааны туршлага, ур чадвар нь илт сайжирч, бөхийн хорхойтнууд “Нэг л өдөр улсын наадамд түрүүлнэ дээ” хэмээн дээлийнх нь захыг мушгих болсон хүчтэн бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Увс нуур” дэвжээ, “Сүлд” спорт хорооны бөх Нэгдэлийн Жаргалбаяр билээ. Өдгөө 26 настай тэрбээр өнөө жилийн наадамд долоо даван, улсын заан цол хүртсэн юм. Төрийн наадамд гурав дахь удаагаа зодоглосон Н.Жаргалбаяр өнгөрсөн жил хүртсэн харцага цолоо ийнхүү ахиулсан. Түүнийг улсын арслан М.Мөнгөн агсны удмын бөх, улсын начин Д.Нэгдэлийн хүү гэдгийг манай уншигчид андахгүй. Шинэ заантай ярилцсанаа уншигч та бүхэнд сонирхуулъя. Н.Жаргалбаяр наадмаас хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгсөн нь энэ.
-Үндэсний их баяр наадамдаа урамтай сайхан барилдаж, шөвгийн дөрөвт шалгаран, улсын заан цол хүртсэн танд баяр хүргэе.
-Баярлалаа. Юуны өмнө монгол түмэндээ Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монгол бөхийн босоо цагаан хийморь, түмэн олон маань буян хишгээ харамгүй хайрласны ачаар улсын заан цол хүртсэндээ баяртай байна. Бөхөд хайртай, бөхөө дээдэлдэг монголчууддаа баярлалаа. Ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэлгүй, цолоо ахиулахын төлөө хичээнэ ээ. Бөх бүхэн Төрийн наадамд цолоо ахиулах, түрүүлж, үзүүрлэх зорилготой зодоглодог байх. Минийх ч бас тийм. Би энэ жил сайхан барилдаад, юуны түрүүнд харцага цолоо баталъя, болж өгвөл ахиулчих юм сан гэж хүч сорьсон. Энэ жилийн наадам улсын харцагуудад ээлтэй байлаа.
Наадмын дараа бэлтгэл хийдэг газраа очин, хангай дэлхийдээ хүндэтгэл үзүүллээ. Тамирчин хүн гэр бүл, галын хамт олон, бэлтгэл хангагч, багш, дасгалжуулагч гээд олон хүний хүч хөдөлмөрийн үр шимээр амжилтад хүрдэг. Намайг үргэлж дэмждэг ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийн зөвлөл, 413 дугаар анги, Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл, “Blue dragon” компани, “Увс нуур” галын хамт олон, сэлэнгэчүүддээ болон амжилтад минь үргэлж хөшүүрэг болдог улсын арслан Б.Ганбат, улсын гарьд Б.Гантогтох, улсын заан Б.Бумбаяр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Ц.Хосбаяр багш нартаа баярлаж явдгаа энэ дашрамд илэрхийлье.
-Улсын заан цолны болзол хангасны дараа түрүү, үзүүр санаанд тань багтаж байв уу?
-Мэдээж багталгүй яах вэ. Бүтэн жилийн хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн, харцага цолоо ахиулсны дараа түрүүлчих юм сан гэж боддог юм билээ. Наадам жилд ганцхан удаа болдог ч зөвхөн нэг бөх түрүүлж, нэг хүчтэн үзүүрлэдэг жамтай. 512 хүчтэнээс шөвгийн дөрөвт шалгарч, хэрвээ дахиад давбал гарьд цол хүртэнэ, тэр ч бүү хэл түрүү, үзүүр булаалдах боломж бүрдэнэ гээд зогсож байхад сэтгэл их хөдөлсөн шүү. Гарьд цолны даваанд түрүү бөх Ц.Содномдоржид өвдөг шороодлоо.
-Та түүнийг шуудагдсан барьцнаас хэд хэдэн удаа өргөсөн ч унагааж чадаагүй. Ер нь нэлээд хүч шавхсан, хүнд барилдаан болсон. Шинэ арсланг давах боломж байсан уу?
-Хэрвээ тэгж барилдсан бол, ийм мэх хийсэн бол давах байсан гэж ер харамсахгүй байна. Ц.Содномдорж жил жилийн наадамд түрүүлэх бөхийн таамагт багтан, олны итгэл, хүндлэлийг хүлээсэн сайхан бөх учраас тэр. Монгол түмний хайртай хүү, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр ахтай хамт улсын заан цол хүртсэндээ их бэлгэшээж байна. Олимпын аваргатай хамт шинэ Ерөнхийлөгчөөс улсын заан цолоо гардан авах сайхан байлаа.
-Наадмын од нь гийсэн бөхтэй барилдах эвгүй байдаг гэж бөхчүүд ярилцдаг. Та улсын арслан Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарыг дараалан өвдөг шороодуулан, улсын начин цолны болзол хангаад байсан Д.Тамирыг зургаагийн даваанд амлахдаа эргэлзсэн үү?
-Эргэлзээгүй ээ. Багш, дасгалжуулагч нартайгаа ярилцан, барилдаан таарна, дийлэх болов уу гээд л амласан. Монголын хамгийн шилдэг хүчтэнүүд улсын наадамд зодоглодог, бөхчүүд жилийн дөрвөн улирлын турш тогтмол бэлтгэл хийдэг болсон тул амар өрсөлдөгч гэж үгүй. Нэгийн даваанаас эхлээд барилдаан бүхэн хүч шавхсан, өрсөлдөөнтэй болсон. Ялангуяа гурвын даваанд аймгийн хурц арслан Д.Тангадтай хийсэн барилдаан амаргүй байлаа.
-Та улсын заан цолны даваанд нутгийнхаа аварга Г.Эрхэмбаярыг өвдөг шороодуулсныхаа дараа зүүн мөрнөөс нь адис авсан. Ер нь аваргын зүүн мөрнөөс адис авсан бөх Төрийн наадамд түрүүлдэг хэмээн бөхчүүд бэлгэшээдэг юм билээ.
-Би ч бас тэгж бэлэгшээж, итгэдэг. Аваргын зүүн мөрнөөс нь адис авсан бөхчүүдээс улсын аварга Ч.Санжаадамба, улсын арслан Э.Оюунболд нар Төрийн наадамд түрүүлснийг хүмүүс сайн мэднэ. Хүндэлж, үлгэрлэж явдаг нутгийнхаа аваргаар долоо даван, улсын заан цолтны гэр бүлд багтана гэдэг хэн дуртай аавын хүүд олдохгүй ховор хувь заяа.
-Г.Эрхэмбаяр аваргатай нэг суманд төрснөөрөө бахархаж явдаг байх.
-Бөхийн ноён нуруу, жудаг гэдгийг жинхэнэ үлгэрлэж яваа аваргатайгаа нэг суманд төрснөөрөө бахархалгүй яах вэ. Манай Мандал сум Г.Эрхэмбаяр аваргаас гадна улсын начин Ш.Зоригт, Ч.Баянмөнх зэрэг олон хүчтэнтэй сайхан нутаг.
-Энэ жил наадмын бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?
-Би 2013 оноос хойш “Увс нуур” дэвжээнд харьяалагдан, бэлтгэлээ базааж байна. Энэ жил ч бас Увс нутгийн хүчтэнүүдтэй хамт наадмын бэлтгэлээ чамбайруулсан. Харин хүчний бэлт- гэлээ Г.Эрхэмбаяр аваргатай хамт хүндийг өргөлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагад хийлээ
-Та Сэлэнгэ аймгийнх мөртлөө “Увс нуур” дэвжээнд бэлтгэл хийдгийг чинь зарим хүн гайхдаг юм билээ?
-Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрж, өссөн. Аав минь Увс аймгийн Тэс сумын харьяат, 1979 онд улсын арслан Ө.Эрдэнэ-Очир гуайгаар тав даван, улсын начин цол хүртсэн хүн бий. Тэгээд л аавынхаа нутгийн хүчтэнүүдтэй хамт “Увс нуур” дэвжээнд бэлтгэл хийн, Сэлэнгэ аймгаараа овоглон барилддаг.
-Багадаа барилдах төдийлөн сонирхолгүй байсан юм билээ. Бөх болоход аав тань их нөлөөлсөн нь лавтай.
-Тэгэлгүй яах вэ. Бөх сонирхдог байсан ч барилдана гэхээр нэг л санаанд багтдаггүй байлаа. Гэхдээ бөхийн удмаа хүндлэн, улсын цол хүртэж аавыгаа баярлуулах юм сан гэж бодолгүй яах вэ. Найман жилийн өмнө улсын харцага Т.Өсөх-Ирээдүй багшаараа үндэсний бөхийн А үсэг заалгаж, энэ спорттой амьдралаа холбож байлаа. 2010 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын наадамд үзүүрлэн, сумын начин цол хүртэн, амжилтын салхиа хагалсан.
Дараа жил нь Ерөө сумын наадамд түрүүлж, сумын заан болсон. 2013, 2014 онд аймгийнхаа наадамд дараалан түрүүлж, аймгийн хурц арслан цолоор энгэрээ мялааж байлаа.
-Та 2015 оноос хойш улсын наадамд зодоглож байна. Яагаад нэлээд хожуу хүч сорьж эхэлсэн юм бэ?
-Үндэсний бөх мэргэжлийн спортын түвшинд хүртлээ хөгжсөөр байна. Зөвхөн улсын наадам гэлтгүй бусад барилдаанд эрэмбэ багатай бөх том цолтонтой барилдана, тэр хэрээрээ өндөр амжилт гаргах магадлал бага. Тиймээс Т.Өсөх-Ирээдүй багштай ярилцаж байгаад эрэмбээ ахиулж, хурц арслан цол хүртсэнийхээ дараа улсын наадамд зодоглож эхэлсэн юм. Тэгсэн маань үр дүнгээ өгч, сүүлийн хоёр жил дараалан цолоо ахиуллаа.
-Улсын наадамд анх зодоглохдоо гурвын даваанд Д.Анарт өвдөг шороодсон бил үү?
-Тэгсэн. Тэр жил Д.Анар ч бас анх хүч сорьж байсан юм. Бид хоёр гурвын даваанд оноолтоор таарч байлаа. Төрийн наадамд зодоглож байна гээд бодохоор их догдолдог юм билээ. Үеийн хүчтэнтэй барилдахдаа нэлээд чанга унасан даа.
-Өнгөрсөн жил өмнөхөөсөө хавьгүй илүү туршлагатай байсан болов уу. Шууд л улсын харцага цол хүртэхэд аав тань их баярлаж, хүүгээрээ бахархсан байх.
-Өмнөх алдаа, оноогоо сайтар дүгнэн, жилийн турш бэлтгэлээ уйгагүй хийсэн. Ер нь бэлтгэлээ сайн базаачихаар улсын цол хүртэнэ гэх итгэл бүр их нэмэгддэг юм билээ. Өнгөрсөн жил Т.Өсөх-Ирээдүй багшаараа тав даван, улсын начин цол хүртсэн. Улмаар зургаагийн даваанд улсын начин Ч.Хөхчирэнгэрийг өвдөг шороодуулан, улсын харцага цолны болзол хангасан даа. Эцэг бүхэн хүүгээ өндөр амжилт гаргаасай, өөрийнхөө хүрч чадаагүй оргилд хүрээсэй гэж хүсэн, сааль сүүнийхээ дээжийг тэнгэр, бурхандаа өргөн, залбирч явдаг байх. Аав, ээж хоёр минь Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд амьдардаг. Аав минь жил жилийн улсын наадамд ирж, хүүгийнхээ дээлийн захыг мушгидаг. “Хүүгийнхээ барилдахыг харах өөрөө хүч сорихоос ч хэцүү юм аа” хэмээн инээгээд л суудаг.
-Д.Нэгдэл начин хүүдээ ихэвчлэн юу гэж захиж, зөвлөдөг вэ?
-Үндэсний бөхийн өв соёл, ахмад бөх, том цолтнуудаа хүндэтгэн, дээдэлж, олны итгэл, хүндлэлийг хөсөрдүүлж болохгүй, жудагтай байх хэрэгтэй гэж захидаг. Г.Өсөхбаяр аварга нэгэн нэвтрүүлэгт оролцохдоо “Бөх бүхэн түрүүлж, аварга болох албагүй. Хамгийн гол нь сайхан эр хүн байх хэрэгтэй” гэж ярьсан нь санаанаас ер гардаггүй юм. Үндэсний бөхийн нэр хүндийг өндөрт өргөн, жудагтай барилдаж байхад олны хүндлэл аяндаа ирнэ гэдэгт би итгэдэг. Бүх бөхийг хүндэлж, үлгэрлэж явдаг.
-Таны биеийн өндөр, жин хэд вэ?
-192 см өндөр, 120 кг жинтэй.
-Манай уншигчдад гэр бүлээ танилцуулна уу?
-Би эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Гэргийг маань Эрдэнэсувд гэдэг. Бид хоёр гэрлээд гурван жил болж байна. Арын албыг минь найдвартай дааж, бэлтгэл сургуулилалт хийх бололцоогоор хангадаг ханьдаа баярлаж явдаг.
-Нутаг руугаа хэзээ явах вэ?
-Манай сумын наадам долдугаар сарын 21, 22-нд болно. Хамгийн түрүүнд сумынхаа наадамд зодоглохоор төлөвлөж байна. Шинэ цолоо нутгийнхаа наадамд дуудуулах шиг сай- хан зүйл хаана байх вэ. Сумынхан төдийгүй нутгийн маань уул, ус их баярлах байх. Бөх хүнийг барилдахад нутгийнх нь уул, ус түшиж явдаг юм гэнэ лээ.