-Математик, монгол хэлний хичээлээр ЭЕШ өгсөн хүүхдүүдийн 85 хувь нь босго оноогоо давжээ-
Энэ жил ЭЕШ өгсөн 40.388 хүүхдийн олонх нь шалгалтдаа тэнцээгүй, бүдэрсэн гэх мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр гараад буй. Тиймээс олон нийтэд энэ талаар бодит мэдээлэл хүргэх үүднээс Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбатаас дараах тодруулгыг авлаа.
-2017 оны ЭЕШ-ын талаар мэдээлэл өгнө үү. Улаанбаатар хотод математикийн хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүдийн 12 мянга гаруй нь F үнэлгээ авсан, улсын хэмжээнд монгол хэлээр ЭЕШ өгсөн шалгуулагчдын 11 мянга гаруй нь унасан гэдэг мэдээлэл үнэн үү?
-Юуны түрүүнд нэг зүйлийг тайлбарлах хэрэгтэй байх. Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс авдаг ЭЕШ-ын зорилго нь тухайн хүүхдийг дараагийн шатны боловсролын байгууллагад элсэн суралцах ерөнхий чадвар, хандлагыг нь тодорхойлон эрэмбэлэх уралдаант шалгалт юм.
Өөрөөр хэлбэл, ЭЕШ-аар ерөнхий боловсролын стандартыг хэрхэн хангаж буйг, эсвэл сурлагын амжилтын чанарыг шууд тодорхойлно гэж ойлгож болохгүй.
Яагаад гэвэл шалгуулагчийн дүн, оноог тооцохдоо олон улсад ашигладаг үнэлгээний аргачлалаар боддог. Тийм ч учраас ЭЕШ-ын хувьд тухайн хүүхдийг тэнцсэн, тэнцээгүй гэдэг ойлголт байхгүй. Харин БСШУС-ын сайдын тушаалаар баталсан босго оноонд (400) хүрсэн, эсэх тухай асуудал л чухал.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гараад байгаа шиг математик, монгол хэлний шалгалтад хүүхдүүд хэдэн мянгаараа унасан асуудал огт байхгүй. Энэ жил улсын хэмжээнд математикийн хичээлээр ЭЕШ өгсөн 32.188 шалгуулагчийн 85.6 хувь нь босго оноогоо давж, аль нэг их, дээд сургууль, коллежид элсэн суралцах болзлоо хангаад байна.
Харин монгол хэлээр ЭЕШ өгсөн 19 мянга гаруй хүүхдийн 85 хувь нь босго оноогоо давсан. Тэгэхээр дээрх мэдээлэл ташаа гэсэн үг.
-Тэгвэл босго оноондоо хүрч чадаагүй хэдэн шалгуулагч байна вэ?
-ЭЕШ өгсөн шалгуулагчдын 1.4 хувь нь буюу 1000 гаруй хүүхэд босго оноондоо хүрээгүй. Өөрөөр хэлбэл, тэд сонгож шалгалт өгсөн бүх хичээлээрээ 400-гаас бага оноо авсан тул энэ жил их, дээд сургууль, коллежид элсэх боломжгүй болсон.
-ЭЕШ-ын A, B, C гэсэн үнэлгээг хүмүүс тэр бүр ойлгохгүй байна. Хэмжээст оноо нь 800 биш л бол А үнэлгээ авахгүй гэсэн үг үү?
-Өнөөдөр манай боловсролын байгууллагуудын ашиглаж буй A, B, C, D, F үнэлгээ нь ЭЕШ-ынхаас өөр юм.
Жишээ нь, монгол хэлний хичээлээр ЭЕШ өгсөн хүүхэд 750-800 оноо авсан бол А, 700-749 бол -А, 650-699 бол В, 600-649 бол -В гэх мэтчилэн үнэлгээг тооцдог. Энэ үнэлгээгээр бол математикийн хичээлээр ЭЕШ өгсөн хүүхдүүдийн 10 гаруй хувь нь буюу 3400 орчим нь А авсан гэсэн үг.
-Монгол хэлний ЭЕШ-ын дүн жилийн жилд олны анхаарлыг ихэд татдаг. Бүсээр нь авч үзвэл энэ жил хаана хаана дундаж оноо өндөр, хаагуур бага байгаа бол?
-Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолд заасанчлан ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бүх хүүхэд монгол хэлбичгийн шалгалтыг заавал өгдөг болсон. Үүний үр дүнд монгол хэлний хичээлээр ЭЕШ өгсөн хүүхдүүдийн улсын дундаж оноо жил ирэх тусам тогтмол өсөж байгаа.
Ялангуяа монгол хэлний хичээлийн сурлагын амжилтын чанар сайжирч байгааг мэргэжлийн багш нар ч хэлдэг. Энд нэг зүйлийг онцлоход, энэ жилийн ЭЕШ-ын аймаг, дүүрэг, улсын дундаж оноотой холбоотой албан ёсны тоо баримтыг Боловсролын үнэлгээний төвөөс хараахан нэгтгэж гаргаагүй байна.
Өдгөө бид ЭЕШ-ын үр дүнд тулгуурлан, аймаг, дүүрэг бүрээр, хичээл болгоноор нь нарийвчилсан дүн шинжилгээ хийж, зөвлөмж боловсруулаад, холбогдох газруудад хүргүүлэхээр ажиллаж буй. Наймдугаар сард тайлан гарна.