Монгол, Тайванийн бизнес эрхлэгчдийг дэмжих сан Тайванийн Чиенкүю технологийн их сургуультай хамтран энэ онд манай улсаас 100 оюутан инженерийн чиглэлээр тэтгэлэгтэй сургах нь. Тус сангийнхан Чиенкүю технологийн их сургуультай 2016 оноос хамтран ажиллаж, Монголоос 10 оюутан тэтгэлгээр сургаж буй.
Инженерийн чанартай боловсрол олгодгоороо Тайвань Азидаа Японы дараа, хоёрдугаарт ордог төдийгүй уг тэтгэлэгт хамрагдах боломжийг монгол залууст олгохоор тус сангийнхан зорьсон гэнэ. Энэ жил барилга, цахилгаан, механик, нано,технологи, хүрээлэн буй орчин, үйлдвэрлэлийн автоматжуулалт, химийн инженер, технологийн багш, нарийн мэргэжлийн эмч зэрэг мэргэжлээр элсэлт авах аж. Тайваньд өдгөө 1200 орчим монгол оюутан бакалавр, магистр, докторын түвшний сургалтад хамрагдаж буй.
Инженерийн чиглэлээр тэтгэлэгт хамрагдах оюутнууд эхний жил сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөж, хоёр дахь жилээс сурлагын амжилтаас хамааран 30-100 хувийн тэтгэлэг авах боломжтой. Сурлагын дүн нь хангалтгүй бол тэтгэлэг цуцлагдах хүртэл нөхцөлтэй гэнэ. Мөн сурлагын амжилт 75-аас дээш бол сар бүр 160 ам.долларын стипенд авах боломжтой талаар Монгол, Тайванийн бизнес эрхлэгчдийг дэмжих сангийнхан ярилаа.