Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр 12.00 цагт монгол хэл, бичгийн шалгалтаар орон даяар эхэллээ. Энэ жил 40.388 элсэгч шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 22.889 нь нийслэлд буй юм. Монгол хэл, бичгийн шалгалтыг элсэгч бүр зайлшгүй өгдөг болсон. Тэгвэл төгсөгчид сонгосон хичээлүүдийнхээ сорилыг өнөөдрөөс өгч эхлэх юм. Улсын хэмжээнд шалгалтын 49 байр буйгаас 27 нь нийслэлд байгаа аж.
Үүний нэг болох 31 дүгээр сургуулийг зорьж, ЭЕШ-ын үйл явцтай танилцлаа. Сүхбаатар дүүргийн II хорооны нутагт орших тус сургуульд 16, 58, “Гёте”, “Байгаль-Эх” лицей, “Оюуны тулга”, ХБК, Биеийн тамир спортын болон Ажилчин залуучуудын ээлжийн зэрэг найман сургуулийн төгсөгч шалгалт өгөх хуваарьтай.
Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан ЭЕШ-ын журамд элсэгчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө танхимд суудлаа эзэлсэн байх ёстой хэмээн анхааруулжээ. Гэтэл сурагчид маш хайнга хандаж байгаа нь ажиглагдав. 31 дүгээр сургуульд өчигдөр 11.50 цагт очиход яарч, тэвдсэн сурагчдын цуваа тасрахгүй байв. 12.00 цаг болоход буюу хаалга барихад ганцхан минут дутуу байхад ч хэд хэдэн сурагч ирсэн. Шалгалт эхэлж, хяналтын комиссынхон хаалга барихад 16 дугаар сургуулийн нэг сурагч амжиж ирсэнгүйг багш нь хэллээ.
Тэрбээр шавийнхаа утас руу байн байн залгаж, “Уг нь бүх сурагчдад анхааруулж хэлсэн. Зам нэлээд түгжрэлтэй байна гэсэн” хэмээн бухимдангуй хэлэв. Шалгалтын комиссынхон “Цагаасаа хожимдож байгаагаас өөр зөрчил нэг их гарсангүй. Шалгалтын танхимыг бүрэн камержуулж, сүлжээ сарниулагч, металл илрүүлэгч, чагнах төхөөрөмж суурилуулсан учир хуулах, гар утас ашиглах зэрэг зөрчил гарахгүй болов уу. Цагаа баримтлаарай гэж захья” гэв.
ЭЕШ-д ирэх жилээс шилэн технологи нэвтрүүлэх гэж байгаа. Тодруулбал, элсэгчид шалгалт өгсөн даруйдаа дүн, оноогоо мэдэх боломжтой болно. Тэгвэл энэ удаа шалгалтын нэг төвийг сонгон, үүнийг турших гэнэ. Дашрамд дуулгахад, энэ жил хөгжлийн бэрхшээлтэй 28 сурагч элсэлтийн шалгалт өгч буй.