Монгол Улс энэ оны эхний таван сард 133 улстай худалдаа хийжээ. Ингэснээр гадаад худалдааны нийт бараа эргэлт дөрвөн тэрбум ам.долларт хүрэв. Үүнээс экспорт 2.5, импорт 1.5 тэрбум ам.доллар болжээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ жилийн өмнөхөөс 1.1 тэрбум ам.доллароор буюу 36.3 хувиар өслөө. Экспорт 744.3, импорт 325.7 сая ам.доллароор нэмэгдсэн нь ийм үзүүлэлт гарахад нөлөөлсөн байна.
Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны эхний таван сард 602.2 сая ам.долларын ашигтай гарч байсан. Тэгвэл энэ удаад өмнөх оны мөн үеэс 418.7 сая ам.доллароор нэмэгдэж, нэг тэрбумд хүрчээ. Экспорт өсөхөд үнэт чулуу, металл гоёлын зүйлсийнх 63.2 сая ам.доллароор буурсан ч эрдэс бүтээгдэхүүнийх 747.5 саяар нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөлсөн аж. Ялангуяа нүүрсний экспорт 789.3 сая ам.доллароор өссөн байна.
Импорт өсөхөд дизелийн түлшнийх 81.6, автобензин 32.2, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 78.7, тээврийн хэрэгсэл, эд анги 55.3, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийн худалдаа 30.8 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Эрдэс, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт болон хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн худалдаа нийт экспортын 93.9 хувийг эзэлж байгаа аж. Тэгвэл импортын 67.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин, тоног төхөөрөмж, цахилгаан болон тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, хүнсний бэлэн бүтээгдэхүүн бүрдүүлж байна.