Зам, тээврийн хөгжлийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ, “Хүннү эйр” болон “Аэро Монголиа” компанийн удирдлагууд нислэгийн тийзний үнийг хэрхэн хямдруулж, хөнгөлөлт үзүүлэх талаар өчигдөр мэдээлэл хийжээ. Тэд нислэгийн тийзний үнийг 20-40 хувиар хямдруулах боломжтойг дуулгасан байна.
Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Манай яам олон улсын агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тийзний үнийг хямдруулах боломжийг эрэлхийлж байна. Эхний ээлжинд БНСУ-тай байгуулах агаарын харилцааны хэлэлцээрт өөрчлөлт оруулснаар хямд үнээр зорчих боломж нээгдэнэ” гэж ярив.
Төрөөс иргэний нисэхийн салбарт чөлөөт үнийн бодлого баримтлах, олон нислэг үйлдэх боломж бүрдүүлэхийг зорьж байгаа гэнэ. Үүний хүрээнд “Хүннү эйр” компани Улаан-Үд, МИАТ Бусаны чиглэлд хөнгөлөлттэй үнээр нислэг үйлдэхээр болсныг ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн дуулгасан байна.
Мөн Бусан болон Сөүлийг холбосноос гадна Бангкок чиглэлд шинэ нислэг нээхээр төлөвлөсөн аж.
Монгол, БНСУ-ын агаарын харилцааны хэлэлцээрийг энэ сарын 28-29-нд Улаанбаатарт хийх гэнэ. Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл БНСУ-ын “Асиана эйрлайнз” компанийн төлөөлөгчидтэй мөн өчигдөр уулзжээ. Тус компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Жон Илнам Инчон-Улаанбаатар-Инчон чиглэлд тогтмол нислэг үйлдэх хүсэлтээ илэрхийлсэн байна.