Олон улсын валютын сангийнхан Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний улирлын үнэлгээг долдугаар сарын сүүлчээр хийнэ. Тус сангаас хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал бүр үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд бодлогын арга хэмжээ санал болгохоор тохиролцоод буй.
Мөн үүнийхээ дүгнэлтэд үндэслэн Засгийн газарт зөвлөмж өгөх юм. ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер “Төсвийн алдагдлыг бууруулах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чанд мөрдүүлэх, Засгийн газрын өрийг багасгах, Монголын банкны засаглалыг сайжруулж, хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй байх нөхцөл бүрдүүлэх, нийгмийн хамгааллыг дордуулахгүй байхад хөтөлбөрийн зорилго оршиж байгаа” гэж ярьсан.
Өнгөрсөн сарын 24-нөөс эхэлсэн уг хөтөлбөрийн эхний санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголбанкны дансанд шилжиж ирээд байгаа билээ. Гурван жил үргэлжлэх хөтөлбөрийн хүрээнд нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийх юм.