Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөгийг 2017 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Сангийн Яамны үйл ажиллагааг сурталчлах нээлттэй өдөрлөг болж байна.
Эл өдрүүдэд гааль татвартай холбоотой асуудлаа шийдвэрлүүлж болох гэнэ..
Мөн энэ үеэр хамтлаг дуучдын тоглолт, асуулт хариултын АХА тэмцээн, төрийн банкны нэрэмжит шатрын тэмцээн, НӨАТ-ын ялагчид 4 сая төгрөг гардуулах зэрэг олон үйл ажиллагаа явагдах гэнэ.
Тус өдөрлөгт Сангийн яамны харьяа агентлагууд болох Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Төрийн банк гэх мэт нийт 17 байгууллага оролцож байгаа.
Нээлтийн ажиллагааг нээж Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа үг хэллээ. Тэрбээр "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, сангийн сайдийн эрх, бодлого хөтөлбөрийг мэдээлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулсан мэдээлэл сурталчилгаа үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны тогтоолоор иргэдийн санал хүсэлтийг сонсох, төрийн бодлогыг боловсруулахад иргэдийн оролцоог хангах, шийдвэрлэхэд туслах зорилго бүхий өдөрлөгийг жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Сангийн яам хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээнийхээ хүрээнд үйл ажиллагаагаа байгууллага, иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, тэдний дуу хоолойг бодлого шийдвэртээ тусгахаар нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үүссэн хүндрэлийг даван туулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, бүтцийг төрөлжүүлэх, өрийн дарамтыг бууруулах зорилтыг тавин ажиллаж байгаа билээ. Дээрх зорилтын хүрээнд яамны эрх үүргийн харъяа байгууллагууд өнөөдөр үзэсгэлэнгээ гаргасан байна. Мөн яамны доорх үйл ажиллагаа явуулдаг томоохон төсөл хөтөлбөрүүд болох “Тогтвортой амьжиргаа”, “Байгаль орчныг хамгаалах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих” төсөл зэрэгтэй танилцах боломжтой юм" хэмээлээ.