Монгол инженерүүд анх удаа дотооддоо ачааны вагон угсарснаа мөдхөн хүлээлгэж өгөх нь. Энэ талаар УБТЗ-ын Вагоны албаны дарга, Монгол Улсын зөвлөх инженер Л.Болдоос зарим зүйлийг тодрууллаа.
-Туршилтын таван вагоноо хэзээ хүлээлгэж өгөх вэ?
-Дэлхийн аж үйлдвэржилтийн амин чухал дархлаа бол төмөр замын тээвэр байдаг. Олон улс, бүс нутаг, хөрш орнуудын хөгжлийн томоохон төслүүдийг Монголд хэрэгжүүлэх гол зангилаа нь мөн л төмөр замын тээвэр юм. Тиймээс үүнийг эдийн засгийн бусад салбартай оновчтой уялдуулан зохион байгуулж улс орноо хөгжүүлэх нь чухал. Зам, тээврийн хөгжлийн сайд үүнд ихээхэн анхаарч, энэ оны хоёрдугаар сард “Ачааны шинэ вагон угсрах төсөл”-ийг хэрэгжүүлэх тухай 21 тоот тушаал гаргасан.
Ингээд ЗТХЯ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Экологи бус” ХХК-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Манай инженер, мэргэжилтнүүд урьд нь 2012 онд өөрсдийн нөөц бололцоо, мэдлэг, чадварт тулгуурлан “Ачааны вагон угсрах төсөл”-ийг боловсруулаад байсан тул энэ шийдвэрийг талархан хүлээж авсан.
Тавдугаар сарын 10-даар бид төслийн нэгдүгээр шатны ажлаа эхэлж, Зүүнхараа дахь ачааны вагоны засварын баазыг түшиглэн вагон угсрах туршилтын цехээ байгуулсан. Ингээд УБТЗ-ын Хангамжийн албаны мэргэжилтнүүд ОХУ-ын Барнаулын ачааны вагон засварын үйлдвэрээс туршилтын таван вагоныг угсрахад шаардлагатай тэвш, ноён нуруу, дагалдах хэрэгслүүдийг гэрээгээр худалдан авах ажлыг богино хугацаанд амжилттай зохион байгуулснаар угсралтын ажил тавдугаар сарын 29-нд эхэлсэн.
Өдгөө вагонуудад нэмэлтээр суурилуулах зангилаа эд ангиудыг угсарч дуусаад, будаж байгаа. Энэ сарын 10-даар таван вагоноо хүлээлгэж өгнө.
-Монголд угсарсан дээрх ачааны вагонуудын даац, хүчин чадал ямар байх вэ?
-Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагоны даац нь 72 тонн, тэвшний эзлэхүүн нь 88 шоо метр, 120 км/цаг-ийн хурдтай. Уг ачааны вагоноор нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг төрөл бүрийн нурмаг ачаа тээвэрлэх зориулалттай. Мөн үүнээс гадна Зүүнхараа дахь засварын баазад манайхан нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэдэг вагоны үндсэн ноён нурууг ашиглан тавцант вагон үйлдвэрлэж байгаа. Өнгөрсөн жил хоёрыг ашиглалтад оруулсан.
Нефть тээвэрлэдэг вагоны тогоо цоорсны улмаас ашиглаж болохгүй байсан 18 вагон бий. Тэдгээрийн үндсэн эд анги дээр раам зангидаж хийсэн тавцант вагоны хувьд 40 тоннын даацтай, 120 км/цаг-ийн хурдтай, чулуу, хайрга, чингэлэг, техник ачих зориулалттай юм. Энэ онд манай инженерүүд 5-6 тавцант вагон угсарч, ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
-Дотооддоо ачааны вагон угсарснаар эдийн засгийн ямар үр өгөөж гарч байна вэ. Гадаадаас нэг вагон оруулж ирэх үнээс мэдээж хямд байгаа болов уу?
-Дэлхийн эдийн засаг хямраагүй байхад ОХУ болон хамтын нөхөрлөлийн орнуудад үйлдвэрлэсэн ачааны вагон 80-100 мянган ам.долларын үнэтэй байсан. Сүүлийн үед энэ үнэ ялимгүй буурч эхэлсэн. Хамгийн сүүлд үнийн судалгаа явуулахад БНХАУ-д үйлдвэрлэсэн вагон 79.5 мянган ам.долларын өртөгтэй байна. Сая бид туршилтаар вагон угсарсан учраас үйлдвэрлэлийн аргаар бууруулах боломжгүй.
Гэхдээ л манайд угсарсан вагон 120 орчим сая төгрөгөөр “босож” байна. Явах эд ангиас эхлээд бүх зүйлийг шинээр захиалж авчруулсан. Тоормосны эд ангийг эрээсгүй холболт буюу шинэ технологиор холбосноос гадна нэг вагоноо бид хайрцган гүүшинтэй хос дугуйгаар тоноглосон. Энэ нь аюул осол багатайн дээр ашиглалтын зардал бага, эдэлгээ урттай байдаг тул сүүлийн үед дэлхий нийтээрээ ачааны болон суудлын вагоныг үүгээр тоноглож байгаа.
Орчин үеийн тоноглолтой вагон доод тал нь 80 мянган ам.долларын үнэтэй. Тэгэхээр бид хавьгүй хямд өртгөөр вагон угсарсан гэсэн үг.
-Туршилтаар ачааны вагон угсрах төслийн эхний шат амжилттай хэрэгжжээ. Харин хоёр дахь шатанд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-ЗТХЯ-ны зүгээс төслийн хоёрдугаар шатанд Монголдоо ачааны вагон угсрах үйлдвэрийн шугам байгуулж, дотоодын хэрэгцээгээ хангах зорилт тавьсан. Улмаар цаашид энэ чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүс нутгийн орнуудын вагон оператор компаниуд болон төмөр замын хэрэгцээнд нийцсэн ачааны вагон үйлдвэрлэнэ.
Ачааны вагон угсрах үйлдвэрийн шугамыг оруулж ирснээр бид ямар түвшинд угсралтын ажил хийх вэ, металлаа хайлуулж, хэвэнд цутгадаг анхан шатнаас нь эхлэх ёстой юм уу, эсвэл бэлэн бүтээгдэхүүн авчирч угсрах уу гэдгээ үнэлж тогтоох юм.
Төслийн хоёр дахь шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхэд төр, засаг анхаарна гэдэгт найдаж байна. УБТЗ гэхэд л жилд 40-50 вагонд акт тогтоодог. Тэгэхээр вагоны эрэлт хэрэгцээ ч их байна.